Монгол улс газрын хэвлий дэх баялгаа үнэлээгүй байна

Монголын төр өнөөг хүртэл газрын доорх баялгаа үнэлж чадаагүй байна. 5 жилийн өмнө анх удаа олон улсын байгууллага манай баялагт үнэлгээ хийж байсан. Гэвч үүнийг салбарынхан хэт байга хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөрсөн хугацаанд баялгаа үнэлэх санаачлагыг хэд хэдэн удаа салбарын мэргэжлийн байгууллагаас хөндөж байсан ч төрийн байгууллагууд хүлээж аваагүй 2013 онд Эрнест энд Янг олон улсын байгууллагаас манай улсын байгалийн баялагт үнэлгээ хийжээ. Энэ үнэлгээнд 15 ашигт малтмал хамрагдсан бөгөөд нийт 1,3 их наяд ам.доллараар хэмжигдэх үнэлгээтэй гэж гарчээ. Энэ үнэлгээг бага байна гэж уул уурхайн салбарынхан үздэг. Гэсэн хирнээ өнөөдрийг хүртэл Монгол улс, Монголын төр өөрөө газрын хэвлий дэх баялгаа хэдий хэмжээний үнэ цэнэтэй вэ? гэдгээ тодорхойлж чадаагүй байна.

Хэрэв бид баялгаа үнэлж чадсан бол өнөөдөр дээжийн судалгаа нэрээр чингэлэг чингэлгээр нь зөөж байгаа газрын тос, хүдэр гээд ямар ч байдлаар гадагшилж байгаа нөөцөөсөө татвар авах боломжтой байсан гэлээ. Байгалийн баялгийг үнэлдэг олон улсын стандарт аргачлал байдаг бөгөөд уул уурхайн салбараас эдийн засаг нь шууд хамааралтай манай улсын хувьд энэ аргачлалыг нэвтрүүлсэн байх шаардлагатай. Ингээд дэлхийн болоод дотоодын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж үнэлгээгээ индексжүүлэн тооцох аргачлал ч байдаг гэгдэж байгаа юм.

Байгалийн баялаг ихтэй дэхийн улс орнууд олон улсын стандартаар баялагтаа үнэлсэн байдаг. Энэ үнэлгээгээр дамжуулсан татвараа тогтоож мөн хяналтаа тавьж явдаг байна. Хэрэв энэ стандартыг нэвтрүүлж чадвал одоо байгаа нөөц шинээр илэрсэн нөөц бүрээ үнэлэж авах татвар, хяналтын тогтолцоо бүрдэх эхний боломж бий болно гэж байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг