“УНАГАНУУД” АВАРГЫН БОЛЗОЛ ХАНГАЛАА

“УНАГАНУУД” ДӨРВӨН ЖИЛ ХОЖИГДООГҮЙ

Футзалын дээд лигийн тэргүүлэгч “Унаганууд” 15 дахь тоглолтоо “Арвис” клубын эсрэг хийлээ. Унаганууд өмнөх 14 тоглолтын 13-т нь хожиж, нэг тэнцсэн, хожигдолгүй цуврал үргэлжилж байлаа. Унаганууд МХБХ-ны футзалын дээд лигт 2014 оны гуравдугаар сараас хойш хожигдол хүлээгээгүй 48 тоглолт ялагдаагүй цуврал үргэлжлүүлж байна. Энэхүү тоглолтонд “Унаганууд”-аас хоёр тоглогч хэт-трик, мөн хоёр тоглогч дүбль хийсэн. Тоглолтын эхний 20 минут 5:2-ийн харьцаатай өндөрлөсөн юм. “Унаганууд”-ын найм дугаартай тоглогч Э.Ганзориг эхний хоёр гоолыг багтаа авчирсан бол тэдний мэргэн бууч Э.Пүрэвдорж мөн эхний үед хоёр гоол оруулсан. Харин “Арвис”-ынхнаас Б.Гарамбазар, О.Есүхэй нар багтаа гоол авчирлаа. Тоглолтын хоёрдугаар үе, ялангуяа сүүлийн 10 гаруй минутанд долоон гоол орсны зургаа нь “Арвис”-ынхны хаалганд байсан юм. Унаганууд 15 тоглолтонд 125 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан буюу нэг тоглолтонд дунджаар 8,3 бөмбөг оруулдаг үзүүлэлттэй байгаа. Тоглолт эцэстээ 11:3-ийн харьцаатай өндөрлөлөө. Ийнхүү “Унаганууд” Монголын футзалын дээд лигт дөрөв дэх жилдээ дараалан түрүүлэх болзлоо хангаад байна. Тэд дээд лигт нийт 18 тоглох хуваарьтай. Үлдсэн гурван тоглолтын үр дүнгээс үл хамаараад хүснэгтийн тэргүүлэл тэднийд үлдлээ.

15 тоглолтын дараах байдлаар “Унаганууд” 43 оноотой тэргүүлж байгаа бол аман хүзүүнд эрэмблэгдэж байгаа “Атлетик 220” тэднээс есөн оноо дутуу байна. Хоорондын тоглолтыг харгалзан үзсэн ч “Унаганууд” дээр нь эрэмблэгдэнэ. Тэд лигийн турш бусад багуудаас хамгийн цөөн буюу 33 бөмбөг хаалгандаа алдсан, 92 бөмбөгний зөрүүтэй үзүүлэлтээр итгэл төгс хошуучилж байгаа юм. Унаганууд үлдсэн гурван тоглолтоо “Гоёо”, “Сэлэнгэпресс”, “УБ-ын Мазаалайнууд” багуудын эсрэг хийнэ. Дараагийн тоглолтууд ирэх 18-ны ням гарагт явагдана.

Мэргэн буучдын хүснэгтийг хүрэл медалийн төлөө тэмцэж байгаа “Хоромхон” клубын тоглогч А.Улсболд 45 гоолтой тэргүүлж байна. Араас нь лигийн аварга “Унаганууд”-ын Э.Пүрэвдорж 39 гоолтой, “Сэлэнгэпресс”-ийн Б.Мөнх-Эрдэнэ 36 гоолтой удаах байруудад эрэмблэгдэж байгаа юм. “Унаганууд”-ын ахлагч П.Алтантулга 26 гоол оруулаад байна.