Б.ГАНБОЛД АМЖИЛТАА АХИУЛСАН Ч 16-Д ЭРЭМБЛЭГДЛЭЭ

Өвлийн паралимпийн XII наадмын гүйлтийн цанын уралдаан Пёнчаны биатлоны төвд явагдаж, Монголын цаначин Батмөнхийн Ганболд 20 км-ийн зайд эхний уралдаанаа хийлээ. Б.Ганболд гараанаас ес дугаартай гарч уралдсан юм. Сүүлийн хоёр өвлийн паралимп дараалан эх орноо төлөөлж ганцаараа өрсөлдөж байгаа Б.Ганболд одоогоос дөрвөн жилийн өмнө ОХУ-ын Сочи хотноо болсон паралимпийн наадамд 20 км зайг нэг цаг дөрвөн минутанд туулж, 20 тамирчнаас 14-р байр эзэлж байлаа. Тухайн үед Б.Ганболд түрүүлсэн тамирчнаас 13 минут зургаан секунд хоцорч байлаа. LW-6 ангиллаар өрсөлдөж байгаа Б.Ганболд эхний 4.3 км-ийн байдлаар 15-р байранд эрэмблэгдэж байсан юм. Олон улсын Паралимпийн хорооноос өнгөрсөн сарын сүүлээр гаргасан чансаагаар Монголын цаначин Б.Ганболд өөрийн LW-6 ангилалдаа 74.04 оноогоор 55 тамирчнаас 23-р байрт эрэмблэгджээ. Б.Ганболд Сочигийн олимпийн гурван зайд өрсөлдөхдөө 10 км-ийн чөлөөт тэшилтийн уралдаанд 38 тамирчнаас 31-д орсон бол нэг км-ийн сонгомол техникийн уралдаанд эхний шатнаас хасагдаж байлаа. Тэгвэл энэ удаагийн олимпд тэрээр мөн 20, 10, нэг км гэсэн гурван зайд уралдах юм. Эхний уралдааны 13.7 км-ийн дараах байдлаар тэргүүлэгчээс зургаан минут 57 секундээр хоцорч байлаа. Өөрөөр хэлбэл уралдаанд оролцсон 18 тамирчнаас 11-т бичигдэж байсан юм. Пёнчаны өвлийн олимпийн наадамд нийт 49 улсын 540 гаруй тамирчин оролцож байгаа. Тэд гүйлтийн цана, уулын цана, биатлон гэхчилэн зургаан спортын төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын тамирчид анх 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн паралимпийн наадамд гүйлтийн цанын төрлөөр оролцож байснаас хойш өдгөө дөрөв дэх наадамдаа мөн гүйлтийн цанын төрлөөр өрсөлдөж байна. Ингээд Б.Ганболд нийт уралдааны замаа 55 минут 32 секундэд туулж 16-р байр эзэллээ. Хэдийгээр Б.Ганболд дөрвөн жилийн өмнөх олимптой харьцуулбал 20 км зам туулах хугацааг 8 минутаар богиносгож, тэргүүлэгчээс хоцорсон үзүүлэлтийг гурван минутаар ахиулсан ч энэ удаад 18 тамирчнаас 16-р байранд эрэмблэгдлээ. Энэ уралдаанд Дэлхийн цомын тэмцээний аварга Украины тамирчин Игор Рептюх түрүүлж, хэдхэн хоногийн өмнө Биатлоны 7.5 км-ийн уралдаанаас алтан медаль хүртээд байсан Францын тамирчин Бенжамин Давиет мөнгөн медаль хүртсэн бол Норвегийн цаначин хүрэл медалийн эзнээр тодорсон юм. Б.Ганболд дараагийн уралдаанаа ирэх 14-ний өдөр 1.5 км-т хийнэ.