Э.ДАРИНЧУЛУУН, Ш.ЭРХЭС НАР ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОНО

Хөл бөмбөгийн “ДМЮ” клубын өсвөрийн багийн тоглогч Э.Даринчулуун, “Монголын Тэмүүлэл” клубын тоглогч Ш.Эрхэс нар ирэх зун ОХУ-д болох “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” фестивальд оролцохоор болжээ. Тус наадамд 200 гаруй улс орноос 400 гаруй хүүхэд цуглаж хоёр долоо хоногийн турш нөхөрсөг тэмцээн, олон хүүхдийн чуулган, хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтэнд оролцох юм. ДМЮ” багийн тоглогч Э.Даринчулуун оны эхээр өсвөрийнхний футзалын аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд багийнхныхаа хамт мөнгөн медаль хүртсэнээс гадна 17 гоол оруулсан үзүүлэлтээр тэмцээний шилдэг тоглогчоор тодорч байлаа. Харин “Монголын Тэмүүлэл” багийн тоглогч Ш.Эрхэс тус тэмцээний хүрэл медалийн эзнээр тодорч тэмцээний шилдэг тэгш тоглогчийн шагналыг хүртсэн юм. Өнгөрөгч зургааны өдөр Монголын футзалын шигшээ багийн ахлагч дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир тэргүүтэй МХБХ-ны албаныхан өсвөрийн хөл бөмбөгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж Ш.Эрхэс, Э.Даринчулуун нарыг сонгосон бөгөөд тэдний хөл бөмбөгийн ур чадвараас гадна хэлний мэдлэгийг мөн харгалзан үзжээ. “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” фестивальд анх удаа монгол хүүхдүүд оролцох гэж байгаа юм. Э.Даринчулууны хувьд хагас хамгаалалтын байрлалд орон орны хүүхдүүдийн хамтарсан багт нэгдэж тоглох бол Ш.Эрхэс сурвалжлагчийн үүргээр наадамд оролцоод ирэх юм байна. “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” олон улсын хүүхдийн чуулганы зохион байгуулах хорооны гишүүн Анастасия Лялькина Монгол улсад зочилж , анх удаа оролцох гэж буй хүүхдүүдтэй уулзсан юм. Тэрээр наадмын гол зорилго нь ирээдүй хойч залуу үеийнхэнд хөл бөмбөгийн спортоор дамжуулан олон үндэстний ёс заншил, эрх тэгш байдал, эрүүл амьралын хэв маягийг ойлгуулах зорилготой юм гэдгийг хэлж байлаа. Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар ирэх зургаадугаар сард ОХУ-ыг зорино.