Б.Өсөхбаяр: Одоогоос жилийн өмнө санаандгүй МонголТВ-ийн фэйсбүүк хуудас дээрээс “The Voice шоу Монголд удахгүй болно” гэсэн зарыг хараад шууд л би энэ шоунд заавал орно гэж шийдсэн.

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу? /Хэдэн настай, хаана сурдаг, гэр бүлийн байдал гэх мэт/

Намайг Батсайхан овогтой Өсөхбаяр гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Маркетингийн 2-р курсэд сурдаг. Ээж, аавтайгаа хамт амьдардаг.

-“Voice” шоунд оролцох саналыг анх хэн тавьсан бэ?

Би өмнө нь ижил төрлийн телевизийн шоунд оролцож байгаагүй. Харин энэ бол жирийн нэг шоу биш. Энэ чинь The Voice шүү дээ. Би энэ шоуг олон жилийн өмнөөс үздэг байсан. Тэгээд энэ бол алдаж болохгүй боломж гэж бодсон. Тэрнээс гадна дэлхийн тавцанд гарахад энэ шоу надад туслана гэж бодсон учраас орсон. Яг энэ шоунд оръё л гэж бодож өөрийн дуулах бэлтгэлээ хийж байсан. Хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан хардаг, хэзээ нэгэн цагт өөрөө хүссэн шангаа хүртдэг гэдэгт би итгэдэг.

– Дөрвөн шүүгч эргэж харах тэр мөчид ямар санагдсан бэ?

Төсөөлөхийн аргагүй байсан. Юу ч бодох сөхөөгүй маш сайхан мэдрэмж л тэр байсан даа. Жирийн хүн болгон дээр 4 шүүгч дөрвүүлээ эргээгүй гэсэн ойлголттой байсан. Тиймээс ч тэр бол надад “тэнгэрийн умдаг” атгахын дайтай л хэрэг. Яг л миний хэлдгээр “додигор” гэдэг шиг. Би ёстой л додигор байсан. /Инээв/

-Ононбат шүүгчийг сонгосон шүү дээ. Шүүгч сонгоход хэцүү байв уу?

Надад бол ерөөсөө хэцүү байгаагүй. Би С.Ононбат шүүгчийг бага байхаасаа л их хүндэлдэг байсан. Бага байхад On’n off –ийн тамгатай олон клипүүд гардаг байсан шүү дээ. Тэр үеэс л Монголын рок поп салбарт хамгийн том хүн нь энэ хүн юм байна гэж боддог байсан. Миний хүссэнээр С.Ононбат ах ч эргэсэн. Надад бол үнэхээр бахдалтай санагдаж байсан.

-Өмнө нь дууны уралдаан, тэмцээнд оролцож байв уу? Хэрхэн амжилт гаргаж байв?

2015 онд Улаан-Үдэд Ялалтын баярын 70 жилийн ойн концерт, конкурсэд оролцоод Гран при шагнал авч байсан. Дараа нь Олон улсын хүүхдийн “Алтан гадас” гэдэг уралдаанд хоёр удаа оролцоод 1, 2 –р байрыг нь авч байсан. Телевизийн шоу нэвтрүүлэгт бол огт оролцож байгаагүй ээ.

– Дуулахаас гадна загвар өмсдөг бас бие бялдрын хөгжилдөө их анхаардаг юм шиг санагдсан?

Тиймээ. Би аль болох бүх талаар өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө юу хийж чаддаг гэдгийг олж мэдэхийг хичээж байна. Ер нь миний үеийн бүх л хүүхдүүд ингэдэг байх. 2015 онд байхаа санаандгүй байдлаар “Азийн модель” агентлагийн зохион байгуулж байсан “Нийслэлийн шилдэг жентелмэн хөвгүүн”, “Шилдэг гоо охин” шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Фитнессээр ч гэсэн хичээллээд удаагүй. Миний хамгийн сайн найз Чилүгэн фитнесст хичээллээд их гоё биетэй болсон байсан. Би түүнийг хараад фитнесст явъя гэж шийдсэн. Манай аав ч гэсэн их гоё бие бялдартай хүн. Тийм аавтай байхаар чинь гоё биетэй болъё л гэж бодох юм байна шүү дээ. /Инээв/ Тэгээд ч бие бялдар хөгжихөөс гадна эрүүл байна гэдэг хамгийн чухал.

– Аав нь 20 насандаа шуугиулж явсан гэсэн. Хүү нь аавынхаа амжилтыг үргэлжлүүлнэ гэсэн шүү дээ. Урлагаар уу? Эсвэл спортоор үргэлжлүүлэх үү?

Ер нь бол би өөрийгөө аав ээжийнхээ үргэлжлэл гэж боддог учраас аавынхаа аваагүй цолыг авъя л гэж бодож байна. Дэлхийн тавцанд гараад л Батсайхан овогтой Өсөхбаяр гэж нэрээ дуудуулмаар байна. Дэлхий тавцанд намайг тэгж дуудвал гоё шүү дээ. Би ямар ч байсан эхлээд дуугаараа аль хүртэл явахаа үзмээр байна.

– Үзэгчид чамайг хүүхдээрээ гэж дүгнэсэн байх юм. Ингэхэд Өсөхбаяр амьдрал дээр ямархуу зан, араншинтай хүн бэ?

Хайранд өссөн хүн хайрыг бүтээдэг гэж боддог. Миний үг хэл, ааш араншин ийм байгаа нь манай ээж, аав хоёртой холбоотой. Миний ээж, аав, миний найз нар бүгд надад итгэдэг, намайг хайрладаг учраас тэд бүгд нийлээд нэг тийм сайхан хүрээллийг бий болгосон. Би тэнд нь өсч өндийсөн. Зан араншингийн хувьд намайг ямар хүн гэдгийг бусад хүмүүс илүү дүгнэх байх. Ямар ч байсан би их хошигнодог, яриасаг хүн байх. Гэхдээ заримдаа их ичимхий болчихдог. Хамгийн гол нь би ямар ч үед яг өөрийнхөөрөө л байх дуртай.

-Өөрийн чинь бичлэг youtube-д тавигдсанаас хойш гадаад, дотоодын олон хүмүүс, гайхаж биширсэн сэтгэгдлээ бичсэн байна. Энэ бүхэн ямар санагдаж байна.

Надад бол үнэхээр сайхан санагдаж байгаа. Тэгээд тэр хүмүүст бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Миний зүрх сэтгэлээс гарч байгаа хоолой тэдний чих сонороор дамжаад зүрхэнд нь хүрсэнийг мэдрэх их сайхан санагдаж байна. Бас олон хүмүүс намайг магтаад байхаар их эвгүй юм билээ. Илүү их хариуцлага ч юм шиг. Илүү их мэрийх ёстойг мэдрүүлээд байгаа.

-Охид бүсгүйчүүд өөрийг чинь ихэд сонирхож байгаа сурагтай. Фэйсбүүкийн чинь хандалт өсч, урмын үг олон сонсож байна уу?

Өмнө нь яг тэгж байгаагүй болохоор их сайхан санагдаж байгаа. Гэхдээ тариан түрүү болох тусмаа бөхийдөг гэдэг шиг илүү даруу төлөв байх ёстой гэж бодож байна. Тийм учраас яг энгийн, байгаагаараа л байх ёстой байх. Хүмүүс намайг үнэллээ гээд би энд тэнд үсчээд, бардамнаад байж болохгүй.

-Цаашдын хүсэл мөрөөдөл, ирээдүйд хийж бүтээх хүсэл тэмүүллээсээ хуваалцаж болох уу?

Надад бол ганцхан мөрөөдөл байдаг. Энэ бол зуун хүсэл, мянган зорилт, арван мянган зорилго. Энэ мөрөөдөл минийх л учраас надад үлдээсэй гэж хүсч байна. Харин биелүүлж чадвал хэлнэ ээ.

-Чамайг шүтэн биширч буй үзэгч олонд хандаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

Та бүхэнд юуны өмнө маш их баярлалаа. Намайг ингэж их үнэлж байгаад их баяртай байна. Түрүүн хэлсэнчлэн үнэхээр итгэмээргүй зүйлүүд энэ хэд хоногт болж байна. Би цаашид ч улам бүр хичээж болно. Миний сэтгэлээс гарсан дуу хоолой та бүхний чихээр дамжин зүрхэнд үүрд гэрэлтэх болтугай гэж хэлмээр байна.

Баярлалаа. Хүндэтгэсэн: Г.Тэгшсүрэн /Шууд.мн сайтын сэтгүүлч/