АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах найман шалтгаан

Ази-Номхон далайн орнуудын улс төр, нийгмийн асуудлаар дагнасан нийтлэл мэдээллүүд гардаг “The Diplomat” цахим сэтгүүлд нийтлэлч Анкит Пандагийн “АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтаас өмнө хариулах ёстой найман асуулт” гэсэн нийтлэл гарчээ. Тус нийтлэлдээ тэрээр Трамп-Кимийн уулзалт тохиох газрын талаар бичихдээ “АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзахын тулд БНАСАУ-ыг зорих нь юу л бол. Тиймээс хэлэлцээрийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар бол Хоёр Солонгосын хил дээр оршдог Панмүнжом тосгон байж болох ч хэрэв өөр газар зохион байгуулъя гэвэл хамгийн тохиромжтой газар бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот юм гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Art of the Deal” буюу “Хэлэлцээрийн урлаг” номондоо амжилттай яриа хэлэлцээр байгуулахад уулзалт хэлэлцээ хийх газраа зөв сонгох нь чухал хэмээн нэгэнтээ дурдсан байдаг.

Цөмийн хөтөлбөрийн асуудлаас болж хурцадмал харилцаатай байгаа хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт ирэх тавдугаар сард болохоор товлогдсон тухай мэдээлэл гарснаас хэдхэн цагийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хуудсандаа дээрх түүхэн уулзалтыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах санал дэвшүүлсэн байна. Тэрээр “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах санал дэвшүүлж байна. Монгол улс бол энэхүү уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой, төвийг сахисан орон. Бид өмнө нь Япон-Хойд Солонгосын уулзалт гэх мэт олон чухал уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай.” хэмээн бичжээ.

 

“The Diplomat” онлайн сэтгүүлд нийтлэгдсэнээр АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот тохиромжтой газар болохыг тодорхойлсон найман шалтгааныг хүргэе.

  1. Монгол улсын төвийг сахих статус: 1990 онд ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол улс төвийг сахих бодлогынхоо хүрээнд бүс нутгийн улс орнуудтайгаа найрсаг харилцаатай байж ирсэн. Түүнчлэн 2015 онд “төвийг сахих статус” баримтлах талаар хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж байсан орон юм.
  2. Монгол улс болон АНУ-ын найрсаг харилцаа: 1990 оноос хойш Монгол улс болон АНУ-тай найрсаг харилцаатай байгаагийн нэгэн илрэл нь хоёр улсын хооронд явагдсан дээд хэмжээний төлөөлөгчдийн албан ёсны айлчлалууд болон АНУ-аас Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалтуудыг дурдаж болно.
  3. Монгол улс болон БНАСАУ-ын найрсаг харилцаа: Өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Пхеньянд айлчлал хийсэн. Түүнчлэн Хойд Солонгосын хэдэн мянган иргэн Монгол улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болсноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. БНАСАУ өнөөдрийг хүртэл Монгол улстай найрсаг харилцаагаа хадгалан ирсний нэгэн томоохон хүчин зүйл нь Солонгосын дайны үеэр тус улсын хэдэн зуун хүүхдийг Монгол Улс хүлээн авч байсантай холбон тайлбарлаж болох юм.
  4. АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт Ази тивд болно: Хойд Солонгосын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирэхийн тулд ердөө Хятад улсын дээгүүр онгоцоор нисэн ирэх эсвэл Хятад юм уу ОХУ-аар дамжин төмөр замаар хүрэлцэн ирэх боломжтой. Харин АНУ-ын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирэхдээ Япон юм уу Өмнөд Солонгост очдогтой нэгэн адилаар Хятадын дээгүүр нисч ирэхэд л хангалттай юм.
  5. Өмнөх хамтын ажиллагаа: Монгол улсын засгийн газраас зохион байгуулсан олон улсын шинжтэй арга хэмжээнүүддээ БНАСАУ-ыг үргэлж оролцуулсаар ирсэн. Түүнчлэн БНАСАУ-Японы төлөөлөгчдийн уулзалт 2007 болон 2012 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан юм. 2017 онд Монгол улсын Засгийн газар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо оролцож, бусад улс орны албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж байжээ. Эдгээр уулзалтууд нь амжилттай болсон шалтгаан нь зохион байгуулсан Монгол улсын албаныхан болон Хойд Солонгосын төлөөлөгчдийн харилцаа тав тухтай нөхцөл бүрдүүлсний үр дүн гэжээ.
  6. Найдвартай байдал: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай асуудал нь хоёр орны удирдагчдын хэлэлцээрийн гол сэдэв байх болно. 2012 онд Монгол Улс “цөмийн зэвсэггүй бүс” гэдгээ албан ёсоор баталгаажуулаад байгаа билээ.
  7. Улаанбаатарт уулзалт зохион байгуулах саналыг талуудын аль аль нь зөвшөөрөх магадлал өндөр: Энэхүү уулзалтыг Өмнөд Солонгосын тал өөрсдөдөө аль болох ойр газарт (Панмүжом) зохион байгуулахыг илүүд үзэх нь тодорхой ч Монгол улсад зохион байгуулагдахад хүрвэл татгалзаад байх зүйл үгүй юм. Монгол улс өмнө нь Япон-БНАСАУ-ын уулзалтыг зохион байгуулан, зуучлагч орны үүрэг гүйцэтгэсэн явдалд Япон улс талархал илэрхийлж байсан удаатай. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар дээрх уулзалтыг зохион байгуулах өөр ямар нэгэн газар санал болгох эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Гэхдээ Улаанбаатарт тус уулзалтыг зохион байгуулах явдлыг талуудын аль аль нь хүлээн зөвшөөрөх магадлал өндөр.
  8. Дээд хэмжээний уулзалт хэлэлцээ зохион байгуулах боломж бололцоо: Монгол улсын засгийн газар өмнө нь томоохон хэмжээний чуулга уулзалтуудыг зохион байгуулж байсан туршлагатай учраас дээрх уулзалттай холбогдуулан хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчид, албаны хүмүүсийг хүлээн авахад асуудал үүсэхгүй. Хамгийн ойрын жишээ дурдахад 2016 оны зун Ази-Европын удирдагчдын дээд түвшний уулзалт буюу АСЕМ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан. Түүнээс гадна тавдугаар сард монголд цаг агаар харьцангуй сэрүүн байдаг учраас тус улсыг зорих жуулчдын тоо цөөн байна гэсэн үг. Тиймээс хоёр орны төрийн тэргүүн нарыг дагалдан ирэх хэдэн зуун албаны хүмүүсийг байрлахад шаардлагатай зочид буудал тээвэрлэх онгоц хүрэлцээтэй байхаас гадна Деннис Родман зэрэг хөндлөнгийн хүмүүс оролцоно гэсэн асуудал үүсэхгүй.

Ирэх тавдугаар сард болох түүхэн уулзалтыг хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгоноос гадна өөр нэгэн хамгийн тохиромжтой газар байгаа нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот юм гэдгийг дээр дурдсан найман шалтгаан дээр үндэслэн танилцууллаа.