Хүүхдэд ном уншиж өгснөөр өөрт тулгарсан асуудлаа хуваалцаж сурдаг

Гэрэл зургийг Харилцаа холбооны зохицуулах хорооны вэбсайтаас авав.

-Хүүхдэд ном уншиж өгснөөр эцэг эхтэйгээ байнга харилцаж, өөрт тулгарсан асуудлаа хуваалцаж сурдаг-

Хүүхэддээ цаг зав гарган ном унших нь ээж аав нарын эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг гадны эрдэмтэд судалжээ. Хүүхэддээ сэтгэл гаргаж ном уншихад их тархины хэсэг жирийн үеийнхээс идэвхтэй ажиллаж тархины цусан хангамжид сайнаар нөлөөлж байгааг тогтоосон байна. Тэгвэл үзэгч та хүүхэддээ цаг зав гарган ном уншиж өгдөг үү?

Өдөр бүр хүүхэддээ зарцуулсан чанартай 30-хан минут хүүхдийн насан туршийн амьдрал, төлөвшил, хүмүүжилд эерэгээр нөлөөлж болохыг эрдэмтэд судалсан байдаг. Тэгвэл эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ өнгөрүүлэх багахан хугацаандаа тэдэнд ном уншиж өгөх нь харилцааны хувьд сайн үр дүнтэй арга байна.

-Хүүхэддээ ном уншиж өгөх нь харилцааны хамгийн сайн арга-

 Япон улсын нагоя их сургуулийн хүний хөгжил, сэтгэл зүйн судалгааны төвийн зөвлөх профессор Канеко Хитоши хэлэхдээ :

“Япон улсад хүүхдэд үлгэрийн болон бусад төрлийн ном уншиж өгөх нь танин мэдэхүй, боловсролын ач холбогдолтой гэж үзэхээс илүүтэй хүүхэддээ ном уншиж өгөх нь эцэг, эх, хүүхэд хоорондын харилцааны чухал хэрэглүүр гэж үздэг. Хүүхдэд ном уншиж өгөхдөө дургүй байхад нь хүчээр уншиж өгөх зэргээр албадах нь тэдэнд ном унших нь уйтгартай, хэцүү зүйл гэх ойлголт төрүүлэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэхийн тулд эцэг эхчүүд сэтгэлээ шингээж, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх нь хүүхдийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх юм.”

Хэрвээ таны хүүхэд ном унших дургүй, амьд харилцаа үүсгэхгүй ухаалаг төхөөрөмжийг удаан хугацаанд хэрэглэж байвал ямар шалтгаанаас болж өөрийгөө тусгаарлаж байгааг мэдэж, шийдвэрлэх нь үр дүнтэй байна. Ингэхгүй хүүхдийг шууд хатуу хорьж шийтгэх нь буруу болохыг судлаач хэлж байгаа юм.

-Хүүхэд амьд харилцаа үүсгэхгүй өөрийгөө тусгаарлаж байвал ямар шалтгаан байгааг мэдэх хэрэгтэй-

“Япон улсад хүүхдийн гар утас, интернетийн хэрэглээ нийгмийн чухал асуудлуудын тоонд ордог. Энэ тал дээр хүүхдийн хэрэглээг хязгаарлахаас илүү хүүхэд яагаад утас, интернетэд донтож байгаа цаад шалтгааныг олж илрүүлэх нь чухал юм. Магадгүй хүүхэд сургууль дээрээ, гэртээ, найз нөхөд хамт олны дунд асуудалтай тулгарч байна уу, магадгүй хүчирхийлэлд өртөж байна уу гэдэг цаад шалтгааныг мэдэх хэрэгтэй юм. Эсвэл гэр бүл эцэг эхийн зүгээс халамж анхаарал муу учраас хүүхэд өөрийгөө тусгаарлаж цахим ертөнцөд донтож байж болох юм.”  гэж Япон улсын нагоя их сургуулийн хүний хөгжил, сэтгэл зүйн судалгааны төвийн зөвлөх профессор Канеко Хитоши зөвлөсөн юм.

Эцэг эхчүүд хүүхэддээ олон төрлийн сонирхолтой ном уншиж өгснөөр хүүхэд багаасаа бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн гэдгээ мэдэрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг байна. Мөн номын агуулгаас хүүхдэд янз бүрийн асуулт урган гарч ирдэг. Ахин дахин асууж ярилцсаар цаашид эцэг эхтэйгээ байнга харилцаж, өөрт тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж сурдаг байна.

Б.Хулан