2017-2020 онд нүхэн жорлонг боловсронгуй болгож, хөрсний бохирдол бууруулах төсөл хэрэгжинэ

Гэр хорооллын нүхэн жорлон нийслэл хотын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Нийслэл хотын 360 цэгээс сорьц авч шинжлэн экогеохимийн судалгаа хийхэд дээрх цэгүүдийн 88.0 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна. Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар ариун цэврийн байгууламжийг шийдэх замаар хөрсний бохирдол бууруулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2017-2020 онд “УБ хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдол бууруулах” төслийн хүрээнд Чингэлтэйн дүүргийн 12-р хорооны айлуудыг хамруулсан байна. Төслийн хүрээнд гэр хорооллын уламжлалт ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хөрс ариутгах дэвшилтэт технологийн шийдлийг сонгож, эко ариун цэврийн байгууламжийг туршин, суурилуулсан байна. Гэвч энэхүү эко ариун цэврийн байгууламжийг суурилуулсан айл бохирыг гараар цэвэрлэж шийдэхээр зохицуулж өгсөн нь өвлийн улиралд хүндрэлтэй тул түр хэрэглэхээ больсон байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд хяналтад хамрагдсан нийслэлийн гэр хорооллын 370 өрхийн энгийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохирыг хөрсөндөө шууд шингээдэг, 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг байна. Гэр хорооллын айлуудад нүхэн жорлонгоо дүүрмэгц дахин шинийг ухаж гаргадаг нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа юм. Уг нь цементэн доторлогоотой, бохир соруулдаг технологийн дэвшилтэт шийдлээр жорлонгоо шийдвэл дахиж шинээр газар ухаж хөрс бохирдуулахгүй юм.

Нүхэн жорлонгийн нөлөөгөөр халдварт өвчин, гэдэсний хижиг, цусан суулга, а гепатитийн халдвар нэмэгддэг. Монгол улсад тэр дундаа тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувь нь суулгалтаас шалтгаалж байна. Тиймээс зохистой ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлснээр олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болох юм.

Б.Хулан