Тавдугаар сарын 1 хүртэл мэргэжил сонголтын зөвлөгөө, сургалтууд зохион байгуулагдана

Манай улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийг 40 мянга гаруй сурагч төгсөж их дээд сургуульд элсэн орох тооцоотой байна. Судалгаагаар ЕБС-иа төгсөж байгаа 10 сурагчийн 7 нь мэргэжлээ буруу сонгосноос болж их дээд сургуульд улиран суралцах эсвэл дахин элсэх зэргээр жил алддаг байна. Тиймээс сурагчдын хувьд мэргэжлээ эртнээс судлаж, зөв сонгох нь амьдралын томоохон шийдвэрийн нэг гэдгийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид судалгаа мэдээлэлгүйгээр бусдыг даган дууриах, хөдөлмөрийн зах зээлийн талаар бодит мэдээлэлгүйгээр мэргэжил сонгох, өөрийн боломж бололцоог тооцохоос илүүтэйгээр бусдын нөлөөнд автах зэрэг тохиолдлын байдлаар мэргэжлээ сонгох нь мэргэжил, боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл үүсэхэд нөлөөлж байна.

ХНХЯ-наас гаргасан судалгаагаар, 2018 оны эрэлттэй ажил мэргэжлийн жагсаалтад засалчин, тогооч, эм найруулагч, оёдолчин, мужаан, цахилгаанчин, утасны оператор зэрэг дээд боловсролын диплом шаардахгүй мэргэжлүүд орсон бол дээд боловсолын мэргэжлээс нягтлан бодогч, инженер зэрэг мэргэжлүүд эрэлттэй байгааг дурджээ.

Сурагчдад мэргэжил сонголттой холбоотой сургалт арга зүйн зөвлөгөө юу юунаас чухал байдаг. Тэгвэл гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сурагчдад мэргэжил сонголтод нь арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяныг 2 дах жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд мэргэжил сонголттой холбоотой лекц, сургалт, нөлөөллийн ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахаар болжээ.

Б.Хулан