“Пёнчан 2018”өвлийн олимпд Монголын цөөн тооны сайн дурын ажилтнууд ажиллажээ

 

Дэлхийн эв нэгдэл, таван цагаригийн дор нэгдсэн олимпийн наадамд тамирчдаас гадна эх орноо төлөөлж сайн дурын ажилтнууд ажилладаг. Тэгвэл “Пёнчан 2018” өвлийн олимпд манай цанын спортын хоёр тамирчнаас гадна сайн дурын ажилтнууд үүрэг гүйцэтгэжээ. Олон улсаас ирсэн нийт 16400 сайн дурын ажилтны нэг нь Сөүлийн үндэсний их сургуулийн Спортын менежментийн төгсөгч Ө.Энхцацрал юм. Тэрээр энэ удаагийн олимпийн наадмын үеэр Монголын шигшээ багийн туслах ажилтнаар ажилласан байна.

Үндэсний олимпийн хороодын туслахуудын ажлын гол зорилго нь оролцож буй тамирчид болон багийн албаны хүмүүсийг ажлаа төвөггүй хийх боломжийг бүрдүүлж, туслах, зохион байгуулалтын, арын албаны ажил, орчуулгын туслалцаа, багийн албаныхан болон тамирчдад машинаар үйлчлэх, багийн нээлт болон хаалтын ёслолд оролцоход туслах, багийн машин барих гээд бүхий л ажилд нь туслах үүрэгтэй. Гэхдээ ингэж ажилласныхаа төлөө ямар ч цалин, урамшуулал авдаггүй ч сайн дурын ажилтан болсноор мөнгөөр хэмжигдэхгүй туршлага, танилын хүрээ, амьдралын дурсамжийг нэмэгдүүлдэг байна. Тэрээр энэ удаад хоёр дахь тэмцээндээ сайн дурын ажилтнаар ажилласан. Сайн дурын ажилтнаар ажиллахын тулд жилийн өмнөөс хэлний болон тухайн томилогдсон ажилд нь зориулсан онлайн сургалтуудад хамрагдаж, олимпийн наадам эхлэхийн өмнө олимпийн кампус болон зарим байршлуудад жолооны дадлага гэх мэт нэмэлт сургалтад хамруулжээ. Хэрэв хэлний мэдлэг сайн, спортын талаар бүхий л түвшний мэдээлэлтэй, сайн дурын ажилтнаар ажиллаж өөрийн туршлага, ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсвэл олимпийн наадамд хувь нэмрээ оруулах боломж хэн бүхний өмнө нээлттэй юм байна. Мэдээллийг бүтнээр нь эндээс үзнэ үү

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn