Өнөөдөр үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна

Цаасан хэвлэлээс эхлэлтэй Монголын үндэсний сэтгүүл зүй өнөөдөр цахим хэвлэлтэй болтлоо өргөжиж, 105 жилийн ойтойгоо золголоо. Тэртээ 105 жилийн өмнө Монголчууд анх удаа өөрсдийн сонин хэвлэлээ “Шинэ толь хэмээх бичиг” нэртэйгээр хэвлэн нийтлэж, тогтмол хэвлэлийн түүх эхэлж байсан бол өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 400-д хүрч, 5000 гаруй ажилтантай салбар болж өргөжөөд байна.

Үндэсний сэтгүүл зүйн хөгжлийн явц дөрвөн үеийг туулж өнөөдрийг хүрсэн. Улмаар мэдээллэх үүргээ ч хангалттай гүйцэтгэж байгаа. Цаашид хэвлэл мэдэээллийн салбар дотооддоо, тогоон дотроо ажиллаж байгаа ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, чадваржуулах, мөн чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа. Мөн цаашид сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагын дагуу улс төрөөс ангид чөлөөт хэвлэлийн тоог олшруулах шаардлагатай гэдгийг ахмад сэтгүүлчид, судлаач нар онцолж байгаа юм. Хэвлэлийн хүрээлэнгээс 2017 онд гаргасан “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” мониторингийн судалгаанд дурдсанаар телевиз 125, сонин 89, фм, радио 56, мэдээллийн сайт 96 болон 80 сэтгүүл үйл ажиллагаа явуулж байна гэжээ. Гэхдээ 2012 оноос хойш орон нутгийн телевизээс бусад хэвлэл мэдээллийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд зургаан хувиар, хэвлэмэл сонины борлуулалтын хэмжээ 40 орчим хувиар буурчээ. Харин энэ хэрээр цахим сайт, олон нийтийн сүлжээгээр дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хандалт өссөн байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn