Ажлын энгийн харилцаа болон ажлын байран дахь бэлгийн дарамтыг хэрхэн ялгах вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр бид ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг онцолж байна. Учир нь судалгаагаар ажлын байр ч эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй орчноор нэрлэгдэж, дарамтанд өртөгдсөн хохирогчдын 97,5 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Тэгвэл ажлын байран дахь бэлгийн дарамт болон хамт олны хэвийн найрсаг харилцаа нь сэдэл, илрэх хэлбэр, зорилгоороо эрс ялгаатай учраас ямар үг, ямар үйлдлээр илэрхийлж байгаа гэдгийг ялгаж салгаж, энэ үйлдэл дахин давтагдахгүй байхад анхаарах шаардлагатай юм байна.

Ажлын байрны бэлгийн дарамт болон хамт олны энгийн харилцааг ялгаж салахад сэдэл болон илрэл хамгийн чухал үүрэгтэй. Тухайлбал хүндэтгэлтэй хандаж, хувийн орон зайд халдахгүй байвал энэ бол хамт олны энгийн харилцаа, харин биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал, үг хэллэг, үйлдлээрээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр хандах, өдөх хоргоож эхэлбэл ажлын байран дахь бэлгийн дарамт. Түүнчлэн бэлгийн сэдэлтэй онигоо, яриаг танд зориулан ярих, давтан ярих, бэлгийн хандлагатай зураг, бичлэг, мессэж илгээх гэх мэт байдлаар илэрч байвал ажлын байран дахь бэлгийн дарамт гэж үзэж болно. Тиймээс энэ үйлдэл олон давтагдахаас зайлсхийх, ажлын энгийн харилцаа юу эсвэл бэлгийн дарамт уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Ажлын энгийн харилцаа, АББД-ыг ялгах нь \бичлэг үзэх\

2017 оны 7-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиас 12.4-р зүйл буюу ”бэлгийн дарамт учруулах” гэснийг хууль тогтоогчид бүр мөсөн хассан. Үүнээс болж ажлын байранд бэлгийн дарамт учруулсан этгээд зорчих эрхээ хязгаарлуулахгүйгээс гадна 1 жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгүүлэхээргүй болсон юм. Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг зөрчлийн болон эрүүгийн хуульд тусган баталгаажуулах ёстой гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсээр байгаа юм. Хэрвээ та бэлгийн дарамтанд өртөж байгаа бол дургүй байгаагаа илэрхийлж, үйлдлээ зогсоохыг шаардах, болж байгаа үйл явдлыг бичиж тэмдэглэн баримтжуулах, ажил олгогчиддоо болон ХЭҮК-т гомдол гарган, шийдвэрлүүлэх боломжтой.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn