Н. Мөнгөнтулга “For peace one love”

1960-аад онд үүссэн, Ямайк улсаас гаралтай эрх чөлөө, энх тайвны зууч болсон рэгги хөгжим дэлхий дахинаа түгэн дэлгэрч хүмүүсийг зөвхөн зугаацуулаад зогсохгүй нэгэн зорилго, нэгэн үзэл бодлын дор нэгтгэх том хүч болсон билээ. Тэгвэл маш цоглог хэмнэл, сонсголонтой ая эгшгээс бүрдэх энэхүү хөгжим Монголд дэлгэрч эхлээд багагүй хугацаа өнгөрч өөрийн гэсэн тодорхой хүрээллийг үүсгээд байгаа билээ.

Оролцогч Н.Мөнгөнтулга өөрийн зохиосон шинэхэн уран бүтээл болох “Don’t worry summer is coming” хэмээх дуугаа дуулж тайзыг бүхэлд нь цоглог хөгжмийн ая эгшигт автуулж, шүүгчдийг суудал дээрээ бүжиглэхэд хүргэж чадсан. Тэгвэл нээлттэй, авьяаслаг залуу маань 14 настай байхаасаа рэгги хөгжимд дурлаж түүнээс хойш энэ хөгжмийг идэвхтэй сонирхон судалсан гэнэ. Тэр зөвхөн рэгги дуулаад зогсохгүй авьяаслаг бүжигчин бөгөөд Монголын электро бүжгийн холбоог үндэслэгч. Одоо ч гэсэн залууст чөлөөт бүжиг заахаас гадна залуусын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Тэр чөлөөт цагаараа маш их бодох дуртай. Хүн бүр ухамсарт хүрэх ёстой, амьдралын жамыг, үнэнийг ойлгох ёстой гэж боддог. Хэрвээ тэгвэл хүн бүр аз жаргалтай амьдарч чадна. Харин тэр энэ тухай олон хүмүүст ярьж, олон зүйл ойлгуулахыг хичээж байсан ч хүмүүс төдий л сайн ойлгодоггүй юм шиг санагдсан учраас хэрвээ уран бүтээлч болвол өөрийнхөө үзэл бодлыг хүмүүст хүргэх боломжтой болно гэж бодож байна. Тэр нийгмийн үндсийг, ухамсрыг бага ч гэсэн өөрчилье гэж боддог. Мөрөөдлийнхөө зам дагуу явж байгаа, энэ шоу ч түүнд хүргэх арга зам болж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа тухай өөрийн ярилцлагадаа дурьдсан байна.

Ямартай ч өөрийн гэсэн бодолтой залуу маань шоуны хамгийн өндөр шалгууртай, хамгийн няхуур шүүгчийн сонирхлыг татаж чадсан билээ. Харин бид дараагийн шатанд дахин рэгги хөгжим сонсох болов уу?

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.