Хүсч, мөрөөдөж байгаа цагт үйлдэл түүний биелэлтийг нь гэрчилдэг

Хүн бүрт биелүүлээгүй үлдээсэн мөрөөдөл байдаг. Учир нь бид амьдралд үргэлж хүссэн бүхнээ хийх боломж гардаггүй. Гэхдээ хичээж зүтгэсэн, хүсч мөрөөдсөн хүнээс амьдрал хэзээ ч боломжийг булаадаггүй. Дуу хөгжим бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Харин дуулах дуртай хүн бүрийн хүрэх ёстой өндөрлөг бол The Voice шоу юм. Шоуг маань зорьсон хүсэл мөрөөдөлтэй оролцогчдын нэг бол Х.Айна.

Тэр 10 настайгаасаа дуулж эхэлсэн бөгөөд сургуульд сурч байхдаа дууны тэмцээнд их оролцдог байсан гэнэ. Түүний гаргасан хамгийн том амжилт нь ОХУ-д суралцаж байхдаа мужийн хэмжээний залуучуудын тэмцээнд гран при авч байсан явдал. Тэр Олон улсын харилцааны мэргэжлээр ОХУ-д суралцаж төгссөн. Их сургуулиа төгссөний дараа дууны чиглэлээр явах бодол байсан ч гэр бүлтэй болсон учраас хүсэл мөрөөдлөө түр хойш тавих хэрэгтэй болжээ. Тэр чөлөөт цагаараа шинэ зүйл хийж, турших дуртай ч дуулахад хамгийн их дуртай. Дуулж байхдаа хамгийн сайхан мэдрэмжийг авдаг учраас дуулах бол түүний сэтгэлээс хэзээ ч гардаггүй үйлдэл юм. Ямар ч байсан дуулах бол түүний хэзээ нэгэн цагт хийх л ёстой зүйл гэж тэр боддог. Тийм ч учраас тэр энэ шоунд хүсэл мөрөөдөлдөө хүрч, өнгөрсөн 10 жилийн замналаа нөхөх зорилготойгоор оролцсон байна. Зөвхөн дуулахаас гадна сонсголоороо гитар, төгөлдөр хуур, домбр тоглодог.

Олон жилийн дараа нуугдсан хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр телевизийн шоунд оролцсон түүний хувьд сандрал их байснаас алдаа гаргасан байж болох юм. Гэхдээ шүүгчид түүнийг өөрийн гэсэн өвөрмөц хоолойн онцлогтой, ирээдүйтэй дуучин гэж үнэлсэн. Мэдээж 2000 гаруй оролцогчоос шоуны эхний шатанд өрсөлдөх 108 оролцогчийн нэг болж чадна гэдэг бол чамлахаар зүйл биш. Амжилт бол хичээж зүтгэсэн хүнд л ирдэг зүйл шүү дээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.