Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2,5 цагаар илүү хөлсгүй хөдөлмөрлөдөг

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалан олон нийт, төр засагт үзэл бодол, дуу хоолойгоо хүргэдэг өдөр юм.

Тэгвэл манай улсын нийт эмэгтэйчүүдийн 33 хувь нь хөдөө орон нутаг амьдардаг бол 67 хувь хот суурин газар амьдарч байна.

Нийслэлд ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт эзлэх байр суурийн талаарх зарим тоон мэдээллээс дурдвал:

  • Улаанбаатар хотын хүн амын 51,7 хувь нь эмэгтэйчүүд. Түүний дотор өрх толгойлсон эмэгтэйчүүд 5,4 хувийг эзэлж байна.
  • Ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оны сүүлийн улирлын байдлаар нийслэлд эрэгтэйчүүд 59 хувь, эмэгтэйчүүд 48 хувь буюу эрэгтэйчүүдээс 11 хувь доогуур байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
  • Өрхийн амьжиргааны судалгаагаар хот суурин газрын эмэгтэй тэргүүнтэй өрхийн 31 хувь нь ядуу байхад эрэгтэй тэргүүнтэй өрхийн 26 хувь нь ядуу байна. Сарын дундаж цалингийн хувьд ч ялгаатай үзүүлэлт гардаг.
  • Статистикийн хамгийн сүүлийн мэдээгээр нийслэлд ажиллаж байгаад эрэгтэйчүүдийн дундаж цалин 1 сая 195 мянга байхад эмэгтэйчүүдийнх 950 мянга орчим төгрөг байна.

Эмэгтэйчүүд нийслэлд хамгийн их тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж, голлох үүрэгтэй ажиллаж байна. Тодруулбал ажил эрхлэлтийн байдлаар нийслэлийн эмэгтэйчүүд боловсролын салбарт ажиллагсадын 83,5 хувь, эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 82,5 хувийг эзэлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны цаг ашиглалтын судалгаагаар ажлын нэг өдөрт зарцуулж байгаа цагаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2,5 цагаар илүү хөлсгүй хөдөлмөрлөдөг байна. Харин хотын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ 1 дахин илүү цагийг ажилдаа зарцуулдаг байна.

Нийгмийн бүхий л салбарт гүйцэтгэх албаны ажилд эмэгтэйчүүд 80 гаруй хувийг эзэлж байгаа бол удирдах түвшний ажилд эсрэгээрээ 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь уламжлалт зан заншил, хэвшмэл үзэл хандлага зэрэг нийгэм эдийн засаг соёлын олон шалтгаанаар эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд эрх тэгш оролцож чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэгш эрхийг хангахын тулд тэдэнд ямар боломж бололцоо байгааг иргэд, олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлага байгааг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр онцолж байна.

Б.Хулан