Автомашины эд анги хулгайлж байсан этгээдүүдийг саатуулжээ

Энэ сарын 6-7-ныг шилжих шөнө Хан-уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах саарлын гуравдугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Г-ийн автомашины аккумулятор, хөгжим бусад эд ангийг хулгайлж байсан этгээдүүдийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж саатуулсан байна.

УБ хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн 27 настай Б, иргэн 30 настай Х нар машины эд ангийг хулгайлахыг завдаж байхдаа машины эзэнд баригдаж нэг нь газар дээрээс зугтсан байна. Машины эзэн хулгайчийг газар дээр нь саатуулж цагдаагийн байгууллагат дуудлага өгсөн байна. Дуудлага өгснөөс хойш удалгүй цагдаагийн алба хаагчид ирж түргэн шуурхай ажилласны дүнд зугтсан этгээдийг барьж саатуулжээ. Зугтсан гэх этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас эрүүлжүүлэхэд орсон бол хулгайн хэрэг үйлдсэн нөгөө этгээд “Найз маань шөнө хүрээд ир гээд дуудсан. Тэгээд ийм зүйлд орооцолдчихлоо” гэсэн тайлбар өгсөн юм. Тайлбар өгсөн этгээд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг эрхэлсэн ажилгүй ч өөрийн эзэмшлийн машинаар таксинд явдаг гэсэн юм.

Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд 6-7 ширхэг аккумуляторыг тээвэрлэн явж байсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэд, жолоочдийг камержуулалттай газар автомашинаа байрлуулж, хулгайд автомашины эд ангиа алдахаас сэргийлэхийг анхааруулж байна. Ялангуяа үнэ бүхий эд хөрөнгөө автомашиндаа хийж ил зогсоолд тавихгүй байхыг анхаарууллаа.

Б.Хулан