Өвсөөр дамжиж шүлхий гарч байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

1973 оноос хойш манай улсад устаад байсан шүлхий өвчин 2000 онд зүүн аймгуудад гарч, 2001 онд нийслэл хотод гарсан байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд отроор нүүдэллэж байгаа хүн малын шилжилт хөдөлгөөнөөс болж мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас онцолж байгаа юм.

Өнгөрсөн намар нийслэлийн хоёр дүүрэгт дэгдсэн шүлхий өвчин намжсан ч 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ноос эхлэн Сэлэнгэ, Хэнтий Дорноговь, Дундговь аймагт шүлхий гарч он дамнасаар өнөөдрийн байдлаар 10 аймгийн хорин суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Тэгвэл шүлхийн дэгдэлт отроор нүүдэллэж байгаа мал амьтны шилжилт хөдөлгөөнөөс болж үүсч байгааг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын 19-ний засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр шийдэж 14 аймагт өвсийг үнэгүй хуваарилахаар болсон. Тэгвэл малчид иргэдийн дунд улсын нөөцөөс үнэгүй өгч байгаа өвсөөр дамжиж шүлхий тарж байна гэсэн хардалт байгаа юм. Учир нь улсын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг шүлхийн голомттой бүс нутгаас бэлтгэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тэгвэл шүлхийн дэгдэлт дээрх шалтгаанаас болж дэгдэв үү гэдгийг мал эмнэлэг, үржлийн газраас тодруулахад хадлан бэлдсэн 8-10 дугаар сарын хугацаанд шүлхий гараагүй байсан гэх тайлбарыг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээлсэн юм.

Шүлхийн тархалт буурахгүй байгаа энэ үед орон нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж автомашинтай иргэд маршрутын бус замаар явж шүлхийн вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс нийслэлд 4, орон нутагт 5 цэгт ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ.

Б.Хулан