Манай орны 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн байна

Гэрэл зургийн эх сурвалж:Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв

Манай улс харьцангуй бага усны нөөцтэй орны тоонд ордог. Учир нь гэвэл Монгол орны хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байдаг байна.

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл Монгол орны гол мөрний усны нөөц, урсацын 70% нь алтай, хангай, хэнтий нуруу, хөвсгөлийн уулс, их хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэг буюу монгол орны нутаг дэвсгэрийн 30%-д бүрддэг байна.

Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Ус ашиглалт хэрэглээний дийлэнх хувийг газрын доорх усаар хангаж байгаа юм. Тэгвэл нийслэлийн хэмжээнд л гэхэд усан хангамжийн эх үүсвэр бүрэлдэж байгаа нийт 10 мянга гаруй нэгж талбайд газар олголт явагдсан байна.

Эдгээр 10 гаруй мянган нэгж талбайд дахь усан хангамжийн эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байж болзошгүй айл өрх, албан байгууллагыг БХБЯ, болон БОАЖЯ-наас хамтарсан тушаал гарган судалж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар болжээ.

Б.Хулан