2018 он гарсаар 387 өрхийн 4527 толгой мал шүлхийгээр өвчилжээ

Гэрэл зургийг:ХХААХҮЯ-наас

Энэ сарын эхээр буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 10 аймгийн 20 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 2018 он гарсаар 390 орчим өрхийн 4500 гаруй толгой мал шүлхий өвчнөөр өвчилж, 3100 орчим малыг зориудын устгалд хамруулаад байгаа бол Эдгээрээс 1720 үхэр, 734 хонь, 643 ямаа байгаа юм байна.

Тиймээс яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад ОХУ-аас авсан эхний ээлжийн 500 мянган тун вакциныг өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд хүргүүлж вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн тухай Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд 11 аймгийн 33 суманд малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүсээд байгааг МХЕГ-аас мэдээлсэн бол Дорноговь, Дундговь, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Дорнод, Хэнтий аймгийн 20 суманд малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээлсэн юм. Тэгвэл гуравдугаар сарын 1-ний байдлаар нийт нэг сая 200 гаруй бог бод малыг шүлхийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан байна.

Зориудаар устгалд оруулж байгаа малын тухайд гэвэл мал амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг нь ил болсон тохиолдолд устгалд оруулж байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас тайлбарласан юм. Учир нь гэвэл малчид иргэдийн дунд өвчин гарсан голомтод байгаа бүх малыг устгалд оруулдаг гэсэн буруу ташаа ойлголттойгоос болж өвчний голомтод байгаа малыг нуух, , вакцинжуулалтад хамруулахгүй байх тохиолдол гарч болзошгүй байдаг байна.

Он дамнасан мал гоц халдварт шүлхий өвчний гаралт отор нүүдлээс үүдэх хүн малын шилжилт хөдөлгөөнөөс болж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа юм.

Тиймээс отроор өвөлжиж байгаа малчдад өөрийн малыг өдөр бүр ажиглаж, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл малын эмчид мэдэгдэх, отроор өвөлжсөн сум орон нутгийн захиргаанд малын шилжилт хөдөлгөөн хийж байгаагаа мэдэгдэж бүртгүүлэх, өвөлжсөн өвөлжөө бууцаа албан ёсоор орон нутгийн захиргаа, мал эмнэлгийн тасаг бусад эрх бүхий хүмүүст хүлээлгэн өгөх хамгийн гол нь голомт бүхий газар байсан бол вакцинжуулалтад заавал хамрагдах зэрэг зөвлөмжийг хүргүүлж байгаа юм.

Б.Хулан