Бага ангийн сурагчдад “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээл орно

Эрчим хүчний яамнаас 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос багц төлөвлөгөө гарган томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал ЕБС-ийн бага ангийн сурагчдад зориулсан сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн боловсролын газартай хамтран боловсруулж бага ангийн сурагчдад эрчим хүч хэмнэх хичээлийг орохоор болжээ.

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэгч гол байгууллага билээ. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хууль батлагдсантай холбоотойгоор Нийслэлийн боловсролын газартай хамтран ЕБС-ийн бага ангийн сургалтын агуулгад “Эрчим хүчний хэмнэлт зохистой хэрэглээ” гэсэн хичээлийг оруулахаар болжээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил туршилтын журмаар 11 сургуульд “Эрчим хүчний хэмнэлт зохистой хэрэглээ” хичээлийг оруулсан байна. Одоогийн байдлаар 123 сургуулийн 4000 гаруй багш нарыг “Эрчим хүчний хэмнэлт зохистой хэрэглээ” хичээлийн чадавхжуулах сургалтанд хамруулжээ. Тэгвэл 2018 онд “Эрчим хүч хэмнэлт зохистой хэрэглээ” гэсэн 9 багц цагийн хичээлийг бага ангийн сурагчдад орж дуусахаар төлөвлөгдсөн байна.

2018 оныг эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлтийн талаар таниулан сурталчлах ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн байгууллага дээр эрчим хүчний аудит хийх, эрчим хүч хэмнэх жишиг төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр болсон байна.

Манай улсад эрчим хүчээ хэмнэх үүрэг хүлээсэн 123 байгууллага байдаг байна. Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн хүрээнд эдгээр байгууллага эрчим хүчээ хэмнэх үүрэг хүлээж эрчим хүчний менежертэй байх, эрчим хүчний хэрэглээндээ аудит хийлгэх, эрчим хүчээ хэмнэх хөтөлбөр төлөвлөгөө хэрэгжүүлж тайлагнах ёстой байдаг байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос салбар бүрийн төлөөлөл болсон 15 байгууллага аан дээр эрчим хүчний аудит хийхэд 600 сая киловат цаг эрчим хүчийг хэмнэх боломжтой гэж үзсэн байна. 600 орчим сая киловат цаг эрчим хүч гэдэг нь Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 10 орчим хувьтай тэнцэх хэмжээ юм байна.

Б.Хулан