2030 онд эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал 71% болж өсөх хандлагатай байна

Парисын хэлэлцээрт нэгдэж орсон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Монгол улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулахаар тусгасан. Энэ нь одоо байгааг бууруулах хэмжээ бус 2030 гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа тодорхой арга хэмжээ, ажлын хүрэх үр дүн гэж тооцоолж байгаа юм.

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит үр дүнд хүрэхийн тулд улс орнуудын оруулах хувь нэмрийг ахиулах шаардлагатай гэж үздэг. Манай улсын хувьд 2016 онд парисын хэлэлцээрт нэгдэж орсон талын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувь бууруулж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахаар тусгасан байдаг. Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын яам, “Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл”-тэй хамтран бодлого тодорхойлогч нийт салбарын төлөөлөл, олон улсын байгууллага, түншүүдийг оролцуулан ирэх гурван жилд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах боломж бололцооны талаар санал солилцсон байна.

Хүлэмжийн хийн ялгарлын хэтийн төлвөөс харахад нийт хүлэмжийн хийн ялгарал 2010 онтой харьцуулахад 2020 онд 1.7 дахин, 2030 оны түвшинд 2.6 дахин өсөх хандлагатай гэж тооцож байна. Хүлэмжийн хийн ялгарлыг салбараар нь авч үзвэл эрчим хүчний салбар 2010 онд 69%-ийг эзэлж байсан бол 2030 онд 71% болж өсөх хандлагатай гэж тооцоолсон байдаг. Тиймээс бодлого тодорхойлогч салбар бүр нийгэм эдийн засгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

Б.Хулан