“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ

Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэхийн тулд анхны мэдэгдэхүүн олгох “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг улсын 11 цэцэрлэгт туршилт хэлбэрээр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл 2019 оноос улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэхээр болжээ. Учир нь Монголын эмэгтэйчүүдийн сангаас төсөл хэрэгжүүлэхийн тулд цэцэрлэгийн 4-5 настнуудын дунд биеийн ба бэлгийн хүчирхийллийг таньж мэдэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдад мэдээлэх чадварыг нь үнэлсэн судалгаа явуулсан. Гэвч 4 настнуудын 50 хүрэхгүй хувь нь, харин 5 настнуудын 34 орчим хувь нь энэ талаар огт мэдлэггүй байжээ. Мөн цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн 80 гаруй хувь нь бэлгийн боловсролын талаар огт ярилцдаггүй гэсэн байна. Гэтэл олон улсад хүүхдийг бага балчир наснаас нь бэлгийн хүчирхийллээс сэргийлэх зорилгоор хүрэхүйн аюулгүй байдлын талаар ойлголт өгч, бага наснаас эхлэн нь биеэ хамгаалах мэдлэг чадвартай болгож төлөвшүүлдэг. Тиймээс энэ онд “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг туршилт хэлбэрээр Архангай аймгийн Чулуут сумын 8-р цэцэрлэг, Баянхонгор аймгийн Богд сумын 10-р цэцэрлэг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 12-р цэцэрлэг,БЗД-ийн 6-р цэцэрлэг, БГД-ийн 114, ХУД-ийн 28, СХД-ийн 117, Багануур дүүргийн 139-р цэцэрлэгт хэрэгжүүлж 2598 хүүхэд, цэцэрлэгийн 220 багш, 3637 эцэг, эх асран хамгаалагчийг хамруулж эхэлсэн. Харин 2019 оноос үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр Монголын эмэгтэйчүүдийн сангаас төлөвлөжээ. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгчид сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох тогтолцоог бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Хүүхдэд аюултай болон аюултгүй хүрэлтийн талаар ойлголт өгөх цаасан хэлбэрээр байсан сургалтын материалыг хүүхдийг нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэлбэрээр “анимэйшн” болгох ажил үргэлжилж байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn