Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө нэг тэрбумаараа тэмцье!

Охид, эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулах олон улсын өдрөөрөө амтат бялуу, цэцгийн баглаа авахыг хүссэнгүй. Харин тэд зөрчигдөж буй эрхийнхээ төлөө дуу хоолойгоо жагсаал, цуглааны хэлбэрээр илэрхийлэх гэж байна. Учир нь дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нэг тэрбум орчим эмэгтэй хүчирхийллийн бай болдог байна. Тиймээс энэ хүчирхийллийн эсрэг дэлхий даяар нэгдэж, 2013 оноос “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн алхалтыг өрнүүлж эхэлжээ.

Тэгвэл дэлхийн 130 гаруй улс орны эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Нэг тэрбумаараа тэмцье” алхалт болон “pussy hat” буюу мууран малгай төслийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 1000 гаруй охид, эмэгтэйчүүдийн дунд Сүхбаатарын талбайд өрнүүлнэ. Эмэгтэйчүүдийн алхалтаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, нийгэмд ижил тэгш амьдрах, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх гээд зөрчигдөж байгаа эрхийнхээ төлөө эмэгтэйчүүд тайван замаар, урлаг соёлын аргаар тэмцэх юм байна. Учир нь хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улсад таван эмэгтэй тутмын нэг нь ямар нэг хүчирхийлэлд өртөж, гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нь тогтоогджээ.

Мууран малгай төслийг 2017 оны 1-р сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн жагсаал”-ын үеэр эмэгтэйчүүд гар урлалын ягаан ноосон малгайгаар ижилсэж эхлүүлсэн. Харин манай улсад энэ удаад “pussy hat” төсөл улаан мууран малгай болж, гэртээ хүүхдээ хараад сууж буй эмэгтэйчүүдэд орлого олох шийдэл болохоос гадна охид, эмэгтэйчүүд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэж, зорилтот үр дүнд хүрч чаддаг гэдгийг харуулахыг зорьжээ. “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн алхалтаар бүхий л бүлгийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө гар урлалын “мууран малгай”-ны дор энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд 12:30 цагаас нэгдэнэ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг бүтнээр нь хүлээн авч үзнэ үү

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn