50 сая төгрөгөөс доош орлоготой ААН-үүд 1% татвар төлдөг болно

Засгийн газраас Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулад байна. Өнөөдөр хуулийн төслөө жижиг дунд үйлдвэрлэгчдэд танилцуулж, тэдний саналыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Засгийн газраас Татварын ерөнхий хуль, ААН орлогын албан татварын хууль, НӨТ, ХАОАТ-ын хуулиуд болон дагалдах 20 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татвар төлдөггүй хэсгийг төлүүлдэг болж, шударга татвар төлөгчдийн татварыг бууруулна.Торгодог, данс хаадаг тогтолцоог ухаалаг болгоно.Ингэснээр татвар нэмэх биш татварын бааз суурийг өргөжүүлж орлого нэмэгдэнэ гэж харж байгаа юм. Тухайлбал 50 сая төгрөгөөс доош орлоготой ААН-үүд жилдээ 4 биш 1 тайлан гаргаад. 10 хувь биш 1 хувийн татвар төлөх зохицуулалтыг тусгаад байна.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ. Энэ нь нэг талаар бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байгааг илтгэж байгаа юм. Тиймээс эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкан дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа юм байна. Тэгвэл ААН-үүдийн хувьд татварыг индексжүүлэх, эко татвар бий болгохоос эхлүүлээд хуулийн төсөлд нэмэх зүйл байгаа онцоллоо.

Хуулийн төслийг ирэх хаврын чуулганд өргөн барих юм байна. Тиймээс энэ хугацаанд оролцогч талуудын саналыг тусгах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар болсон байна.

Ч.Дэлгэрцэцэг