Алтны компаниуд татвараас зайлсхийж иргэдийн нэрээр алтаа тушаадаг байна

Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн сайд Д.Сумъяабазар алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагын төлөөлөлтэй уулзсан . Энэ үер хөндөгдсөн зарим тоо баримтыг хүргье.

  1. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашиглалтын 1630 тусгай зөвшөөрөл байгаагийн 548 буюу 34% алтны ашиглалтын тусгай зөшвөөрөл байгаа юм.
  2. Монгол Улсын нийт алтны нөөц 533 тонн байгаагийн 476 тонн нь алтын үндсэн ордод 57 тонн нь шороон ордод байгаа юм байна. Энэ нөөцөд Оюут толгойн 1118 тонн алтыг оруулан тооцоогүй юм.
  3. Тэгвэл 2017 оны байдлаар Алтны компаниуд Монголбанкинд 6 тонн гаруй алтыг тушаасан бол иргэд 12 тонн алт тушаасан байна.
  4. Аалтны компаниуд 2017 оны төлөвлөгөөгөөрөө 10,7 тонн алт олборлоно гэж батлуулжээ. Гэвч төлөвлөгөөнөөсөө хэт бага алт тушаасан нь татвар төлөхөөс зайлсхийсэн хэлбэр юм байна

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90%, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 70%, дотоодын нийт бүтээгдэхүүний 20%, улсын төсвийн 25% уул урхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа. Сүүлийн 27 жилд эрчимтэй хөгжсөн гэх уул уурхайн салбар өнөө хэр төлөвшиж чадаагүй байгаа нь өнөөдрийн алтны салбарын уулзалтаас тодорхой боллоо. Улсын хэмжээнд Уул уурхайн ашиглалт, олборлолтын тусгай зөвшөөрөлтэй мянга гаруй ААН байгаагаас 300 гаруй нь л үйл ажиллагааны тайлангаа ирүүлдэг байна. Үүнээс 150 орчим нь алтны компаниуд юм байна. Гэтэл компаниуд цаг тухайд нь тайлангаа ирүүлдэггүй, ААН-ийн татвараас зайлсхийж өөрийн компанийн нэрээр биш хувь иргэнээр дамжуулж алтаа тушаадаг, геологийн судалгааг сайн хийгээгүйгээс нөхөн сэргээлтээ муу хийж байгаа гээд хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа асуудал хөндөгдлөө.

2007 онд гэнэтийн ашгийн 68% татварыг бий болгосноор алт тушаалт эрс багасаж далд эдийн засагруу шилжсэн. 2013 онд УИХ энэ байдлыг засч татварыг 2,5% болгосон. Ингэснээр жилд 5 тонн хүрэхгүй ат тушаадаг байсан байдал 13 тонн болтлоо нэмэгдсэн. Гэсэн хэдий ч компаниудын тушаах алт бага байгаа нь мөн л татвартай холбоотой. Тодруулбал компаниуд татвараас зайлсхийхийн тулд татварын цоорхойг ашиглаж иргэдийн нэр дээр алтаа тушааж байгаа гэлээ.

Аливаа компани үйл ажиллагаа явуулахдаа салбарт дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Гэтэл хуулийн цоорхойг ашиглаж татвараас зайлсхийдэг, нөхөн сэргээлтээ хангалтгүй хийж бэлчээр эвддэг, тайлангаа ч цаг тухайд нь тавьдаггүй дээр нь ажлаа явуулахын тулд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд шургалж ашиг сонирхлын зөрчлийг дээд зэргээр хангаж байгаа гээд хуулиар хүлээн үүргээ ганц хоёрхон жишээгээр биелүүлж чадахгүй байгаа алтны салбарынхан өнөөдөр төрөөс илүү хөнгөлөлттэй нөхцөл шаардаж байна.

Ч.Дэлгэрцэцэг