1.3 сая хүн амтай хотод стандартад нийцсэн 600 такси байна

-Улаанбаатар хотод такси үйлчилгээний хүртээмж 8-10 дахин бага байна-

Томоохон хотуудад 1000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт, хэрэгцээ хангагдана гэж үздэг. Тэгвэл 1,3 сая хүн амтай Улаанбаатар хотод такси үйлчилгээний хүртээмж дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгаа юм. Үүн дээр нэмэгдээд төлбөр тооцооны систем, үйлчилгээний стандарт зэрэг нь олон улсын жишгээс хол хоцорсныг иргэд шүүмжилдэг.

Улаанбаатар хотын такси үйлчилгээний, чанар, хүртээмж, аюулгүй байдлын асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн 3 жилийн байдлаар таксины жолооч болон үйлчлүүлсэн иргэдээс ирүүлсэн 20 мянга гаруй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тэгвэл такси үйлчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэснээр замын түгжрэл, такситай холбоотой гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж байгаа. Ялангуяа олон улсын стандартад хүрэхийн тулд баталгаат тоолуур, төлбөр тооцооны ухаалаг систем, тээврийн хэрэгслийн шинэчлэлт, бүртгэлийн системийг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгжийн 600 орчим тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явж байна. Эдгээр тээврийн хэрэгслийн дундаж наслалт 6,6 жил байгаа юм. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 2500 такси үйлчилгээнд нэвтэрснээр хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзэж байна. Харин такси үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудын төлөөлөл таксины үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байна.

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэхэд нийслэлээс 700 сая төгрөг төсөвлөхөөр болсон байна. Мөн такси үйлчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх талаар бодлогын баримт бичиг боловсруулж ажиллахаар болсон байна.

Б.Хулан