ААШТ-ИЙ ЭХНИЙ ӨДӨР МОНГОЛЫН БӨХЧҮҮД ДӨРВӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

МОНГОЛЫН БҮСГҮЙЧҮҮД БҮХ ЖИНД МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАВ

Азийн эмэгтэйчүүдийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр таван жинд барилдаан болсны дөрөвт нь БНХАУ-ын бөхчүүд түрүүлж, Монголын бүсгүйчүүд мөн дөрвөн жинд медаль хүртлээ. Хамгийн хөнгөн жин 50 кг-д “Хангарьд” спорт клубын бөх, энэ жилийн улсын аварга, ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл өрсөлдөж хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Актенге Кеунимяаеватай барилдаж ялсан юм. Энэ жинд нийт 12 бөх барилдсан. Э.Нарангэрэл эхний барилдаандаа Вьетнамын бөхийг 10:0-ээр буюу оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын бөх Лей Чунд цэвэр ялагдсанаар ийнхүү хүрэл медалийн төлөө тунаад байлаа. Э.Нарангэрэлийг ялсан Лей Чун энэ жинд түрүүлсэн. Харин энэ барилдааны тухайд Монголын бөх эхний үед 4:0-ээр, үндсэн цагт 8:0-ээр хошуучилж, цаг дуусахын өмнөхөн өрсөлдөгч нь хоёр оноо авч барилдааны 8:2-ийн харьцаатай өндөрлөснөөр Э.Нарангэрэл хүрэл медалийн эзэн болсон.

МОНГОЛЫН ТАВАН БӨХИЙН ДӨРӨВ НЬ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг сүүлийн хоёр жил дараалан ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Э.Даваачимэг өнгөрсөн жил ААШТ-ээс анхны медалиа хүртсэн нь хүрэл байсан бол энэ жил гурван барилдаан хийж өмнөх амжилтаа бататгалаа. Энэ жилийн улсын аварга Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Назгул Нураханыг 14:4-ийн харьцаатай онооны зөрүүгээр цэвэр буулгаж авсан. ОУХМ Э.Даваачимэг энэ барилдааны эхний минутанд л зургаан оноо авчихаад байлаа. Энэ жинд есөн тамирчин өрсөлдөж, Э.Даваачимэг эхлээд Энэтхэгийн бөхийг ялсан ч удаах барилдаандаа Японы бөх Саки Игарашид ялагдаж хүрэл медалийн төлөө буусан. Саки Игараши энэ жинд түрүүлсэн юм. Э.Даваачимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд эхний үед 10:2-ийн харьцаатай хошуучилсан. Улмаар үндсэн баг өндөрлөхөд 14:4-өөр өрсөлдөгчөө буулган авч ААШТ-ий хошой хүрэл медальтан боллоо.

Харин 59 кг-ийн жинд “Хасу-Мегастарс” клубын тамирчин, 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө Тайландын бөхийг цэвэр яллаа. Энэ жинд 10 бөх барилдсан. Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын бөхийг, шөвгийн наймд залуучуудын ДАШТ-ий алтан медальт Японы бөх Юзүрү Күмано нарын бөхчүүдийг аль алиныг цэвэр ялж хагас шигшээд шалгарсан ч гурав дахь барилдаандаа БНХАУ-ын бөх, Иван Ярыгиний “Алтан Гран при” тэмцээний аварга Рон Ниннинд оноогоор цэвэр ялагдсанаар ийнхүү хүрэл медалийн төлөө тунасан юм. Рон Ниннин энэ жинд түрүүлсэн. Б.Шоовдор энэ барилдаанд ердөө 29 секундэд угсруулан 10 оноо авснаар ялагчаар тодорч хүрэл медаль хүртсэн юм.

Ш.ТҮМЭНЦЭЦЭГ МӨНГӨ, Э.НАРАНГЭРЭЛ, Э.ДАВААЧИМЭГ, Б.ШООВДОР НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тэгвэл ААШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, улсын аварга Шархүүгийн Түмэнцэцэг аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын бөх ДАШТ-ий дэд байрын шагналт Зоу Фенгтэй барилдлаа. ОУХМ Ш.Түмэнцэцэг үүний өмнө хоёр барилдаан хийхдээ эхлээд өнгөрсөн жилийн ААШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн бөхийг цэвэр ялснаар шөвгийн дөрөвт шалгарсан бол хагас шигшээ барилдаандаа Кыргызстаны бөхийг 2:2-ийн харьцаатай буулгаж авсан. Ингээд аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, ААШТ болон Азийн наадмын аварга Зоу Фенгийн эсрэг оноо авч хараахан чадсангүй, 0:10-ээр цэвэр ялагдаж мөнгөн медаль дээр буулаа. Өдгөө 27 настай түүний ААШТ-ий дөрөв дэх медаль нь юм байна.

Харин энэ өдрийн 76 кг-ийн жинд “Хүч” спорт хорооны тамирчин, энэ жилийн УАШТ-ээс төрсөн гурван шинэ аваргын нэг, 20 дахь жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байгаа Амгаланбаатарын Чанцалнямаа өрсөлдлөө. Тэрээр хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин, Рио де Жанейрогийн олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыковатай барилдсан юм. Энэ жил есөн бөх өрсөлдөж А.Чанцалнямаа шөвгийн наймд хийсэн эхний барилдаандаа БНХАУ-ын бөхөд ялагдсан ч, БНХАУ-ын бөх Зоу Киан аваргын төлөө тунасан учир А.Чанцалнямаа хүрэл медалийн төлөө барилдсан. Гэвч энэхүү барилдаанд тэрээр 2:12-ийн харьцаатай ялагдаж ААШТ-ээ өндөрлүүллээ. Ийнхүү Монголын бүсгүйчүүд ААШТ-ий эхний өдөр алтан медаль хүртэж чадаагүй ч таван жинд бүгдэд нь медалийн төлөө өрсөлдөж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.