Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цаазын ялын эсрэг олон улсын хороо”-ны төлөөлөгчөөр сонгогджээ

Монгол улсын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж “Цаазын ялын эсрэг олон улсын хороо”-ны бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Тус хорооноос гаргасан албан ёсны мэдэгдэлд:

Цаазын ялын эсрэг олон улсын хороо /ЦЯЭОУХ/-нд Монгол улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхт төлөөлөгчийн үүргээр нэгдэх болсныг мэдэгдэхэд таатай байна.

Цаазын ялын эсрэг олон улсын хорооны дээд шүүгч Нави Пиллай:

“1998, 2004 онуудад Монгол улсын ерөнхий сайд, 2009-2017 оны хооронд Монгол улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан, 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Ц.Элбэгдорж дэлхий нийтийг цаазын ялгүй болгохын төлөө зорин ажилладаг манай байгууллагад нэгдэж байгаа явдалд баяртай байна. Тэрээр Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бүрэн эрхийнхээ хүрээнд цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болжээ. Улмаар 2015 оны 12-р сарын 3-нд батлагдаж, 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Монгол улсын энэхүү шийдвэр нь Зүүн Хойд Азийн бусад улс орнуудад сайн жишээ болсон юм. Хүний эрх, эрх чөлөөний төлөө түүний гаргасан хүчин зүтгэл, нөр их туршлага бидний цаашдын үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.”