Дуучин Б.Оргил The Voice шоуны тайзнаа хүчээ сорилоо

Б.Оргил бол шоунд өрсөлдөж буй олны танил оролцогчдын нэг билээ. Мэдээж олны танил болсон дуучдын хувьд шоунд өөрийгөө сорино гэдэг амаргүй даваа. Харин Б.Оргил шоуны сонсох шатанд өөрийгөө сориод зогсохгүй маш их техник, чадвар шаардсан The Weeknd-ийн Earned it дууг сонгосон нь маш зоригтой бас эрсдэлтэй алхам байлаа. Гэхдээ л дуучин залуу маань өөрийнхөө сонгохыг хүсч байсан Д.Уламбаяр шүүгчийг эргүүлж, орчин үеийн хөгжмийн урлагийг Монголд хөгжүүлэхээр зорьж байгаа хоёр уран бүтээлч нэг багт хамтрахаар боллоо.
Тэгвэл бидний өмнө өөрийнхөө дотоод ертөнцийг төдийлөн гаргаад байдаггүй ухаалаг залуу Б.Оргилын тухай товч мэдээллийг хүргэе. Тэр бол дуу хөгжмийг амьдралаа болгосон нэгэн. Маш эрч хүчтэй, маш зоримог, тууштай залуу уран бүтээлч. Багаасаа олон улсад нэр хүндтэй энэ шоунд орохыг мөрөөдөж ирсэн.
Түүний өвөө нь Жамъян гуайн шавь морин хуурч. Эмээ нь Төмөр замын соёлын ордонд ёочин, шанз тоглодог байсан. Аавын талын эмээ өвөө нь багш хүмүүс байдаг.
Дууны уран бүтэээлээр нэг үеийн төлөөлөл болж чадах алдартай дуучин болох мөрөөдөлтэй. Цэцэрлэгт байхаасаа дуулж “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд орж гараагаа эхлүүлж байжээ. 2014 онд “Камертон-2” шоунд амжилттай оролцон ялагч болж “Бид-4” хамтлагийн гишүүн болж байсан.
Чөлөөт цагаа студи дээрээ өнгөрүүлдэг. 2, 3 найзтайгаа нийлж студи байгуулсан тэндээ өөрийнхөө дууг хийж, дуунуудынхаа аяыг өөрөө зохиодог байна. Сонирхолтой нь гэвэл тэр 1-4 р анги хүртлээ жудо бөхөөр хичээллэдэг байсан. Бөх эсвэл дуучин болно гэж боддог байжээ. Бөхийн спортод өөрөө маш сонирхолтой, багагүй амжилт гаргаж байсан ч урлаг сонирхлыг нь илүү ихээр татсан. Дуу хөгжимд дурласан хөдөлмөрч залуу маань дэлхийн хэмжээний тайзнаа өөрийгөө сорьж үзэхээр энэ шоуг зорьсон байна. Түүний дараагийн шатанд ямар дуу дуулахыг хамтдаа харцгаая.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.