Эвлэхгүй удаж байж ивээсэн эмчийн тэнгэр минь

(Дүрслэл BRETT RIDER , HEALTH AFFAIRS сэтгүүл)

Хүү минь таван долоо хоногтойдоо өлөн хэдий ч хөхөө идэхгүй сандаргав.
Хэд сорж үзээд л хурц уйлагнаад эвхрэнэ. Үзүүлдэг эмчид минь цаг байхгүй тул өөр эмч дээр үзүүлэх боллоо. Эмч гэдсэнд хуримтлагдсан хий гэж оношлоод “Чи сайн ээж байх гээд их хичээж санаа зовоод байна уу” гэв.

Дараагийн өдөр хүү минь арай дээрдсэн санагдав. Би дэмий л түгшиж дээ.
Хүү гэнэт том өрөөгөөр дүүрэн бөөлжиж, сандарсандаа түүнийг хүүхдийн суудалд бэхлээд эмчийн зүг давхилаа. Өмнөх өдөр үзсэн эмч сувилагчдаа хандаж надтай ээжүүдийн аминчхан яриа өрнүүлэхийг зөвлөжээ. “Шинэхэн ээж байх сэтгэл түгшээм чи өөртөө анхаарал хандуулж байна уу” гэж хэлэхэд нулимсаа тэвчсэнгүй. Эмч намайг дөнгөж амаржсан ээжүүдийн сэтгэл гутралд орсон гормоны тэсрэг бөмбөг гэж бодсон байх. Маргааш өглөө нь хүүгээ хөхүүлэх гэтэл тэр минь хөхөө амлалгүй час хийтэл уйллаа. Эд, эс бүхэнд минь хүрсэн тэр чимээ, танил мэдрэмж. Урд нь би чамтай нэг таарч байсаан.

30-аад жилийн өмнө, 12 настай жаахан охин, ходоодоо тайруулах хагалгаанаас гарч ирсэн аавынхаа орны дэргэд. Хагалгааны дараахи хүндрэлийг үл тоон аавыг зүгээр болно гэж хүн бүр надад хэлж байвч, аавын минь хайр ба харамсалаар мэлтийх нүд өөр зүйл хэлж байсан юм. Ертөнц минь тэнхлэгээрээ эргэсэн тэр шөнө 42хон настай аав минь биднийг үүрд орхисон.

Хүүгээ аврахын төлөөх тэмцэл

Гурав дахь өдрөө оношгүй зовиураас болж хүүхдийн эмнэлэг рүү явлаа. Яагаад ирсэнээ тайлбарлах гэж ядах зуур нөгөө эмч хүүхдийн гэдэс дүүрэх талаар танилцуулга сарвайгаад үүд рүү буцааж гаргаж өглөө.

Тэр үед хажуугийн өрөөнөөс миний хүүгийн эмч гарч ирээд “Та хоёр чинь энд өдөр болгон ирж байх чинь” гэж эелдгээр хэлэхэд би нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа арай хийн залгиад, толгой дохилоо. Эмч учрыг ойлгож “Хүүг нь алив үзье дээ” гэж хэлээд түүнийг үзлэгийн орон дээр хэвтүүлж, гэдсийг нь зөөлөн тэмтэрлээ. “Хүү нь хэзээнээс эхэлж тавгүйрхэв? Өөрт чинь ажиглагдсан шинж тэмдэг байна уу?” гээд гарт байсан сүүг авч хүүд минь уулгалаа. Хүү маань сүүг амссан даруйдаа нүүр нь час улаан болоод цурхиран уйлахад эмч “Хөхөө идэхдээ ч бас ингэж байгаа юу?” гэхэд нь би толгой дохив. Хүүгийн минь амийг аврах үгсийг тэр үед эмч маань хэлсэн юм.
“Би ээжүүдийгээ сонсдог. Миний ажигласнаар хүүгийн гэдсийг сонограммаар харуулах хэрэгтэй юм шиг байна. Гэдэс нь цүлхийгээд бас хатуурчихсан байна” гэж эмч хэллээ. Хэдэн цаг хүлээсний эцэст сонограммын хариу ч гарч хүүгийн маань ходоод нарийсалттай байна гэсэн хариу гарав. Тэр нь хүүгийн маань ходоодны булчин зангирснаас үүдэн бүдүүн болон нарийн гэдэс рүү нь хоол очихгүй түгжрэл үүссэн байжээ.

“Жон Хопкинсийн хүүхдийн мэс заслын эмчтэй ярьчихсан байгаа. Долоо хоног эмнэлэг дээр сахихад хэрэгтэй зүйлсээ бэлтгээд яаралтай тусламжийн тасагт очиж мэс засал хийх эмчтэйгээ уулзаарай.” гэж эмч хэллээ. “Танд ямар хэцүү байгааг ойлгож байна аа. Бид хүүд чинь туслахын тулд бүхий л арга хэмжээг авах болно. Бүгдээрээ даваад гарна шүү” гэж намайг тайвшруулаад хэрэг гарвал залгаарай гээд гар утасны дугаар бичсэн цаас атгуулав.

Би тамирдаж ядарсан хүүгийнхээ зөөлхөн амьсгалахыг сонсож, хацрандаа нааж суухдаа гарт минь байгаа тэр жижигхэн цаасыг сахиус мэт чангаар атгаж байсан юм. Орой нь Хопкинсын мэс заслын эмч хүүгийн минь гэдсийг илж үзээд “ходоодны нарийсал” байна гэж дуу алдлаа. Мэс заслын эмчийн явуулах шинжилгээ надад эргэлзээтэй санагдаж байсан ч эмч намайг бас нөхрийг маань ятгаж дөнгөсөн юм. Орой нь хүү маань ходоодоо рентгенд харуулж байх үед нөхөр бид хоёр шилэн ханатай өрөөний гадна зогсоод дэлгэцэн дээрх үйл явцыг ажиглаж байв.
Гэнэт л рентгэний эмч дуу алдаж, мэс заслын эмч рүү утас цохилоо. “Хүүгийн бүдүүн, нарийн гэдэс ходоодных нь доод хэсгийг ороогоод мушгирчихаж. Та яаралтай ирж харах хэрэгтэй байна” гэж хэлэхэд мэс заслын эмч хүүд минь тэр даруй хагалгаа хийсэн юм.
Хүүгийн минь эдгэрэх үйл явц амаргүй байсны дээр бид хэд хэдэн удаа эмнэлэг бараадахаас өөр аргагүй байдалд ч орж байлаа. Эмч маань шөнийн 11 цаг болж байсан ч хамаагүй хүүд маань үзлэг хийж өгнө. Нэг удаа хүүгийнхээ спортын тэмцээнийг үзэж байхдаа хүртэл хүүд маань хагалгааны дараа ямар нэгэн зовиур мэдрэгдээгүй эсэхийг нягтлахын тулд үзлэг хийж өгч байсан юм. Хагалгаанаас хойш жил гарангийн хугацаа өнгөрөхөд эмчтэй уулзах уулзалтын тоо багассан ч хааяахан уулзах үедээ удаан уулзаагүй найзууд шиг халуун дотноор тэврэлдэн уулздаг боллоо. Хүү маань ч эдгэрч, эрүүл саруул хүүхдүүдийн адилаар өсч том болж эхлэхэд бид сая нэг тайвшран, амьсгаа авахтайгаа болж билээ.

Биднийг яагаад азын тэнгэр ивээв?

Өнөөдөр миний хүү 187 см өндөр, их сургуулиа төгсөх гэж байгаа том залуу болсон. Нярай байхад нь гэдсэн дээр нь байсан томоос том сорви одоо үзэгдэх төдий жижигхэн болж энэ 20 жилийн хугацаанд хүүд маань тохиолдсон явдлаар жишээ авч анагаахын сургуулиудад буруу оношлогооны улмаас тохиолдож болох нярайн эндэгдэл гэсэн хичээл ордог болж, эцэг эхчүүдийн хэлснийг үл тоон, буруу онош тогтоодог эмч нарын эсрэг үр хүүхдээ алдсан ээж аав нар шүүхэд ханддаг болсон юм. Биднийг тэр үед яагаад азын тэнгэр ивээсэн бэ? Би эхэндээ энэ талаар бодож байгаагүй ч сүүлд бодохнээ тэр үед хүүгээ үүрд алдах дөхсөнийг эс тооцвол бидэнд тэр бүр тохиогоод байдаггүй “эмчийн тэнгэр” ивээсэн аз завшаан тохиосон байж.
Эмчийн тэнгэр ивээнэ гэдэг нь алт мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй, ид шидийн ч гэж хэлж болохоор гайхамшигтай эдгэрэхийг хэлнэ. Эмч асуудлыг минь анхааралтай сонсож, энэрэнгүй сэтгэлээр ойлгож, бидэнтэй хамтарч тэмцсэний үр дүнд хүү минь амьд үлдсэн гэж би боддог.

Манай гэр бүлийнхнийг “эмчийн тэнгэр” ивээнэ гэдэг ховор тохиох үзэгдэл байлаа. Аавын маань бүдүүн гэдэсний хананд үүссэн цүлхэний үрэвслийг эмчлэхийн тулд мэс заслын эмч ходоодоо тайруулах хагалгаанд орохыг ааваас ятгасан юм. Аавын маань дотрын эмч кортизоны эмчилгээ хийж байсныг сайтар шалгалгүй хагалгааны үеэр эмч аавд маань дараа нь уусдаг гэх утсаар оёдол тавьжээ. Түүнчлэн хийлгэсэн эмчилгээнүүдийнхээ талаар аавын минь нямбайлан хөтөлж байсан өвчтөний маягтыг ч уншилгүй мэс засал хийсэн юм. Оёдол нь уусч алга болоход угаас цусны өвчтэй аав маань шоконд орж, хэвлий хэсгээрээ хөөж, хатуурав. Тэр даруйд ээж маань “Нөхрийн маань бие муудаад байна” гэж сувилагчид хэлээд мэс заслын эмчид энэ талаар хэл хүргэхийг хүслээ. Гэтэл тэр үед гольф тоглоод “завгүй” байсан мэс заслын эмч “Хагалгааны дараах өвдөлт бол байх л зүйл” гэсэн хариулт өгсөн юм. Харин тэр үед аавын минь гэдсэнд нэгэнт түгжрэл үүсээд өндөр халуурч бүх зүйл оройтчихсон байлаа. Аав минь зүрхний шигдээсээр өөд болсон. Түүний нас барсан шалтгааныг харин “Антибиотикийн курс эмчилгээ амжилтгүй болсон” гэж тэмдэглэн үлдээжээ.

Намайг ивээсэн эмчийн тэнгэр

Харин одоо миний хэлэх зүйл бол миний өөрийн түүх бөгөөд 2001 онд би B бүлгийн стрептококкийн халдвараас болж эмнэлэгээс салдаггүй нэгэн болсон байлаа. Хопкинсийн мэдрэлийн эмч миний оношийг танилцуулах үед надад өөр ертөнцийн хаалгаар орж байгаа юм шиг мэдрэмж төрж, нүд харанхуйлаад явчихаж билээ. [Би хуруугаа л хөдөлгөж чадахтайгаа байлаа. Гэхдээ хэд хоногийн дараа бүрэн мэдээ алдаж ч магадгүй байв]

Нөхөр маань анкет бөглөж байх зуур эмч миний тэргэнцрийн хажууд суугаад надад ямар эмчилгээ хийх төлөвлөгөөг тайлбарлаж өглөө. Эмч хэлэхдээ эрүүл хүний дархлааны эсийг надад тарьж, мэдээгүй болсон эд эсийг минь сэргээнэ гэж хэлэв. Бид ярилцаж дуусаад хэсэг чимээгүй суулаа. Сувилагчид хаалгыг нь зогсоо зайгүй тогшиж, хүлээлгийн өрөөнд дараагийн өвчтөнүүд дүүрэн ирчихээд байхад хүртэл эмч миний дэргэдээс холдсонгүй. Би эмчээс “Та ажил ихтэй байж яагаад миний хажуугаас холдохгүй байгаа юм бэ? гэж асуухад тэрээр “Ганцааранг чинь энд орхиод явж чадахгүй байна” гэж хэлээд “Таагүй мэдээ дуулгачихаад яаж хаяад явах вэ” гэж хэлж билээ.

Тэр явдлаас хэдхэн сарын дараа миний бие бараг л эдгэрчихлээ. Гэтэл B бүлгийн стрептококкийг дахин тусах магадлал маш ховор гэгддэг ч би дөрвөн жилийн дараа дахин тэр өвчнөөр өвчилсөн юм. Энэ удаад мэдээгүйжилт өмнөхөө бодвол хурдан явагдаж, миний мэдрэлд өмнөхөөсөө илүү хүчтэй нөлөөлж эхлэв. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед бусад эмч нар “Юмыг яаж мэдэхэв гээд сэтгэл санааны бэлтгэлтэй байдаг юм шүү” гэж захиж байлаа. Бусад эмч нар намайг тэргэнцрээсээ дахиж босохгүй ч байж магадгүй гэж байхад манай эмч л ганцаараа толгой сэгсэрч энэ өвчнийг даваад гарсан хүмүүс байгаа гэж надад урам өгч байв. “Бусад хүмүүсийг битгий сонс. Би эмч чинь учраас эдгэрэх эсэхийг чинь би л мэдэх учиртай” гэж надад хэллээ. Тэр үгийг сонсоод би хэзээ мөдгүй босоод таяг тулаад ч хамаагүй өөрөө алхаж чадах юм шиг санагдаж, эмчийн хэлсэн тэр л үгс надад одоо ч хүртэл хоногшин үлдсэн байна.
Энэ өвчнөөр өвдөж байгаа бусад өвчтөнүүдийн адилаар миний бие сульдаж, гастропарез гэгч өвчний шинж тэмдгүүд ч мөн илэрч байлаа. Шинж тэмдэг нь анх илэрч эхлэх үед би дүүргийнхээ эмч дээр очоод ходоод маань ажиллахгүй байх шиг байна гэж хэлэхэд эмч намайг янгуучилж байна гэж бодсон бололтой шар хөөрсөн үед уудаг эм бичиж өгөөд гаргасан юм. Өгсөн эмийг нь уугаад огтхон ч дээрдээгүй намайг хоёр дахь удаагаа тусламж хүсч очиход эмч зэвүүцсэн аястай харц чулуудаад “Хэдхэн хоногийн өмнө бөөлжөөд байна гэж ирчихээд одоо суулгалт өгөөд байна гээд хүрээд ирэх юм.” гэж уцаарлангуй хэлснийг нь одоо ч тод санадаг.
Би гурван жилийн турш нэг эмчээс нөгөө эмч рүү дамжин явсны эцэст тухайн үед Жон Хопкинсын эмнэлэгт дотрын эмчээр ажиллаж байсан Анастасия Роулэнд–Сэймуртэй уулзсан юм. Тэрээр нэг ч удаа компьютер руугаа харалгүй миний өвчний түүхийг чих тавин сонсож байсан юм. Би алхаж бас жолоо барьж чадаж байгаа маань азтай хэрэг гэдгийг эмчид хэлээд ясандаа тултал ядарсны дээр мэдээ алдалт, толгойны өвчнөөс болж шатаар алхасныхаа дараа газарт эвхэрч унатлаа ядарсан байдаг гэж хэлэв.
Харин эмч миний ярихыг сонсож дуусаад энэ бүх хугацаанд туулсан бүхий л саад бэрхшээлүүд дархлааны системд маань сөргөөр нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. “Таны хүүхэд нас хэцүүхэн өнгөрсөн үү?” гэж асуусан эмчийн асуулт намайг цохирдуулж “Би тэр талаар бодож байгаагүй юм байна” гэж хариулахад хүргэв. Тэр өдөр би Сэймур эмчид надад болон эгч дүү нараас маань хүүхэд насыг нь үүрд авч одсон аавынхаа гэнэтийн үхлийн тухай ярисан юм.
Тэр өдрөөс хойш өвчнөө ялан дийлэх замд ганцаараа биш ханьтай болсноо ойлгож, надад сэтгэл санааны болон бие махбодийн хувьд аль алин дээр нь тусламж дэмжлэг үзүүлдэг эмчтэй болсон юм. Бага насанд минь тохиолдсон золгүй явдлууд миний өвчлөлийн эх үүсвэр болсон гэдэгт Роулэнд-Сэймур эмч итгэлтэй байлаа. Түүнээс хойш нэг жилийн дотор миний эрүүл мэнд маш хурдацтай сайжрав.

Шаардлагагүй шаналал

Манай гэр бүлд тохиолдсон эдгээр явдлууд өвчнөө даван дийлэхэд эмч болон өвчтөний хоорондын харилцаа ямар чухал болохыг надад ойлгуулсан юм. Өвчтөн бүр эмчийн тэнгэртэй байхыг хүсдэг, байх ч ёстой. Энэ азанд найдах асуудал биш юм.

Энэ бүхнээс миний ойлгож авсан зүйлс:

• Эдгэсэн тохиолдол бүрт таарсан эмч нар минь намайг сонсож, ойлгож мөн хүндэлж байсан.

2015 онд гаргасан судалгаагаар өөрийг нь сонсдог, нөхцөл байдлыг нь ойлгодог, шударга, ижилхэн л хүн гэдэг үүднээс нь ханддаг эмчтэй байх нь өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй байдаг нь тогтоогджээ. 2006 оны судалгаанд ДОХ-ын эмчилгээний үр дүнг хамгийн сайн таамаглаж болох үзүүлэлт тухайн өвчтөн эмч надтай хүн шиг харилцаж байгаа эсэх гэсэн байна.

• Гэр бүлийнхнийг маань эдгээсэн эмч нар бидэнд заавар зөвлөгөө өгчихөөд хаях биш бидэнтэй хамт мөр зэрэгцэн өвчнөө ялан дийлэхэд тусалж байсан юм. Шинжилгээний өрөөнд хэн нь ч компьютерийн дэлгэц ширтээд суугаагүй. Харин бидэнтэй эртний найзууд шиг нүүр тулан суугаад, чин сэтгэлээсээ ярилцахыг илүүд үзсэн. Энэ нь өвчин зовлон тохиолдсон бидэнд айдсаа даван туулж, эдгэрнэ гэсэн итгэл найдвар хайрласан юм. Гэхдээ энэ нь худал найдвар төрүүлнэ гэсэн үг биш. Харин биднийг ямар зовлон бэрхшээл туулж байгааг ойлгож, эрүүл саруул болгохын тулд нэг баг болон хамтарч ажиллахыг хэлж байгаа юм.

• Өнгөрсөн амьдралаас үлдсэн сэтгэлийн зовиурыг хэлэлцэх нь ямар ч эмчилгээний явцад зайлшгүй байх ёстой зүйл юм. Хүний амьдралд өмнө нь тохиолдож байсан таагүй явдлууд урт хугацаандаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоочихоод байхад ихэнх эмч нар хайхарч үздэггүй гэж Роулэнд-Сэймур эмч хэлж байсныг би санадаг. Өвчтөнийхөө хэрэгцээ болон туулсан түүхийг мэдэрч, ойлгодог эмчтэй байх нь өвчтөний эдгэрэх замыг тодорхойлдог юм байна.
Харин намайг бас хүүг минь ивээсэн эмчийн тэнгэр аавыг минь ивээхэд хэтэрхий хожимдсон нь харамсалтай. Аавд минь тохиолдсон золгүй явдал намайг сонсож, надтай хүндэтгэлтэй харьцах шаардлагыг эмч нартаа тавих сургамж болсон юм. Аавын минь үхэл надад хожмоо сургамж болж өөрийнхөө болоод харж амжаагүй ач хүүгийнх нь амь насыг аврахад туслана гэж хэн санах билээ.

Жаксон Наказава нь шинжлэх ухааны сэтгүүлч. Health Affairs сэтгүүлээс Washington Post сонин товчлон нийтэлсэн тус нийтлэлийг эх, үрсийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор МонголТВ редакцийн хамт олон орчуулан хүргэж байна.