ЗУРГААН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ ПАРАЛИМПИЙГ ЗОРИНО

Б.ГАНБОЛД “ПЁНЧАН 2018” ПАРАЛИМПИЙН НААДМЫН ГУРВАН ЗАЙД УРАЛДАНА

Батмөнхийн Ганболд сүүлийн хоёр өвлийн паралимпийн наадамд дараалан оролцох гэж байна. Одоо 26 настай тэрээр дөрвөн жилийн өмнө манай хойд хөршийн Сочи хотноо болсон өвлийн паралимпийн наадмын гүйлтийн цанын гурван зайд өрсөлдөж байлаа.

Б.ГАНБОЛД: 1 КМ-ИЙН УРАЛДААНД АМЖИЛТАА АХИУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

Монголын цаначин Б.Ганболд 2014 оны Сочигийн өвлийн паралимпийн наадамд дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлаганд ганцаараа оролцож, гүйлтийн цанын гурван зайд эх орноо төлөөлөн уралдаж байлаа. Тэрээр Сочигийн Паралимпд хамгийн түрүүнд эрэгтэйчүүдийн 20 км-ийн зайд зургаа дугаартай уралдаж 1:04:01.5 секундын амжилтаар 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм. Энэ нь уралдаанд түрүүлсэн тамирчнаас 13 минутын хоцрогдолтой үзүүлэлт байлаа. Харин удаах өдрүүдэд нэг км-ийн сонгомол техникийн уралдаанд оролцсон ч сонгон шалгаруулалтанд 25-р байр эзэлснээр хагас шигшээд шалгарч чадаагүй, мөн 10 км-ийн уралдаанд 31-р байр эзэлснээр паралимпийн наадмаа өндөрлүүлж байсан юм.

Тэгвэл Б.Ганболд энэ удаад ч мөн гурван зайд уралдахаар зэхэж байна. Тэрээр сүүлийн хоёр жилийн тэмцээн уралдаануудаас паралимпийн наадмын болзлын оноог давуулан биелүүлсэн учир хүссэн гурван ангилалдаа уралдах эрхтэй болжээ. Пёнчаны паралимпийн зориулан цаначин Б.Ганболд, дасгалжуулагч Ж.Дашдондог нар ОХУ-ын Уфа хотноо гурван сарын хугацаанд зун, намар, өвлийн сургуулилтыг хийсэн байна.

Пёнчаны өвлийн олимпийн наадамд нийт 42 улсын 550 гаруй тамирчин оролцоно. Тэд гүйлтийн цана, уулын цана, биатлон гэхчилэн зургаан спортын төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын тамирчид анх 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн паралимпийн наадамд гүйлтийн цанын төрлөөр оролцож байснаас хойш өдгөө дөрөв дэх наадамдаа мөн гүйлтийн цанын төрлөөр өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпийн наадамд оролцохоор тамирчин Б.Ганболд дасгалжуулагчдынхаа хамтаар, багийн ахлагч, эмч гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Пёнчаныг зорих юм. Наадмын нээлт гуравдугаар сарын 9-ны өдөр болно. Монголын баг цайвар шаргал өнгийн ноолууран пальто, хөх өнгийн малгай, ороолт өмсч, зүүн нээлтийн ёслолд оролцох юм байна.

Н.САНДАГДОРЖ: ТОСОЛСОН 10 ЦАНААС СОНГОЖ УРАЛДУУЛНА

Гүйлтийн цанын уралдаанд амжилт гаргахад тамирчны уралдах цанын тосолгоо маш чухал нөлөөтэй байдаг. Тиймээс ч энэ удаад өмнөх олимптой ижил цаначин Б.Ганболдтой хамт дасгалжуулагч Ж.Дашдондогоос гадна цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж Пёнчаныг зорьж байгаа юм. Тэрээр өмнө тамирчны хувиар нэг, дасгалжуулагчийн хувиар гурван олимпд оролцож байв.

 

Цаначин Б.Ганболд 15 насандаа ахуйн ослын улмаас өрөөсөн гараа алдсан ч цанын спортоор хичээллэж эхлээд жил хагасын дараа анхны олимпдоо оролцож байлаа. Одоог хүртэл тэрээр ОУ-ын тэмцээний ангиллаа тогтоолгосон, насанд хүрсэн, шигшээ багийн ганц тамирчин хэвээр байна. Олон улсын Паралимпийн хорооноос өнгөрсөн сарын сүүлээр гаргасан чансаагаар Монголын цаначин Б.Ганболд өөрийн LW-6 ангилалдаа 74.04 оноогоор 55 тамирчнаас 23-р байрт эрэмблэгджээ. Б.Ганболд эхний уралдаанаа ирэх 12-нд 20 км-ийн зайд хийх бол тус уралдаанаас хоёр хоногийн дараа 10 км-т, улмаар 17-ны өдөр сүүлийн уралдаанаа 1 км-ийн зайд хийнэ. Тэд гуравдугаар сарын таванд БНСУ-ын зүг хүлгийн жолоо зална.