О.Баасанхүү: Гэрээнд Д.Сугар, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Жаст”-ын Батхүүг Стандарт банкнаас 109 сая биш 172 сая ам.доллар зээлсэн гэж үзэж байна. Учир нь “Стандарт” банкныхан 2007 онд 20 сая ам.долларын гэрээ, 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийсэн. Ингээд 2009 оны гэрээнд 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая ам.доллар болж нэмэгдүүлсэн. Харин 2010 онд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулаад, 2011 онд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 34 сая ам.доллар авсан. Ингээд нийт 172 сая ам.долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд ”Жаст” групп Стандарт банктай хийсэн байна гэлээ. Мөн гэрээнд 2013 онд яригдаж байсан хүмүүс гарын үсэг зурсан байна гэлээ.

Тодруулбал Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч байсан н.Поменко, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар нар 172 сая долларын гэрээний баталгаан дээр гарын үсэг зурсан зурсан гэв.

Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах 51 сая ам.доллар дээр нэмээд хүү торгууль, шүүхийн зардлыг нэмээд 2017 оны арван нэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Мөн “Шүүхээс 500 мянган ам.доллараас дээш үнэлгээ бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнүүдийн мэдээллийг авахыг хүссэн. Гэтэл үүнийг нь өгөөгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргачхаад байна гэж нэмж мэдэгдлээ.

Ийм нөхцөл байдлыг нуун дарагдуулж, Монгол улсыг өрөнд оруулсан нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Ялангуяа “Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан гэсэн жижиг жараахайнуудтай биш анх яаж “Стандарт” банк ийм огцом огцом гэрээ хийв. Энэ зээлийн шугамыг хэн нээсэн. Зээлийн өөрчлөлтийг хэн гаргав гээд эдгээр асуудлуудыг МАН байна уу? АН байна уу? МАХН байна уу? хамаагүй ил гаргаж тавих цаг нь болсон гэсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэд хоногийн өмнө эрдэнэт өр төлбөрийг эрдэнэт үйлдвэр төллөө гэж бодоход үйлдвэрт ямар нэг эрсдэл учрахгүй гэж мэдэгдэж байсан.Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгөнөөс төлөлтийг хийх гэж байгаа нь маш буруу жишиг гэж О.Баасанхүү гишүүн үзэж байна. Мөн зээлийн хүү нь өдөр хоногоор өсч байгааг засгийн газар анхаарах ёстой гэдгийг нэмж тодотголоо.

Ч.Дэлгэрцэцэг