РОЖЕР ФЕДЕРЕР ТАВ ДАХИА ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО

РОЖЕР ФЕДЕРЕР ХОЁР ШАГНАЛ ХҮРТЭВ

Дэлхийн спортын оны шилдэг тамирчдыг тодруулдаг Лауреус шагнал гардуулах ёслол Монакогийн Вант улсад боллоо. Щвейцарийн алдарт теннисчин Рожер Федерер энэ үдэш спордоо хамгийн гайхалтай эргэн ирсэн тамирчны шагналыг хүртлээ. Алдарт Раул Гонзалес, Андрей Шевченко нар түүнийг эхлээд зарласан. Өдгөө 36 настай Федерер энэ оны их эхээр Австралийн нээлттэйд их дуулга тэмцээний 20 дахь цомоо өргөснөөр дахин дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн.

Федерер өмнө нь 2005 – 2008 оны хооронд дөрвөн жил дараалан дэлхийн шилдэг тамирчнаар тодорч байлаа. Тэрээр анх удаа энэ шагналын эзнээр тодроход Борис Бекер мөн шагналыг нь гардуулж байжээ. Түүнээс хойш Федерер энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн тамирчин болчихоод байна. Энэ шагналд Валентино Росси, Жастин Гатлин, Шапакоэнсе болон Барселона клубууд нэр дэвшээд байлаа.

Тэгвэл удаах цом онцгой амжилт гаргасан тамирчных байлаа. Италийн алдарт хөл бөмбөгчин Алессандро Дел Пьеро тус шагналыг өөрийн сайн найз Франческо Тоттидоо гардуулсан юм.

Өдгөө 41 настай Тотти өнгөрсөн жил албан ёсоор мэргэжлийн хөл бөмбөгөөс тамирчны хувиар зодог тайлсан билээ.

Харин оны шилдэг багийн шагналд Голден Стэйт Уарриорс, Реал Мадрид, Дэвис Кап тэмцээнд түрүүлсэн Францын теннисний шигшээ баг, Америк хөл бөмбөгийн Нью Энгланд Патриотс зэрэг багууд нэр дэвшсэнээс Формула нэгийн ДАШТ-д гайхалтай амжилттай амжилт үзүүлсэн Мерседес багийнхан тодорлоо. Тус багаас Льюис Хэмилтон өнгөрсөн жил ДАШТ-д түрүүлж, Валтерри Боттас гуравдугаар байр эзлэн, үйлдвэрлэгчдийн ангилалд тэргүүлсэн.

Тэгвэл өнгөрсөн жил тэсрэлт хийсэн тамирчны шагналыг Английн алдарт гольфчин Йан Поултер гардуулж, Испанийн гольфчин Мастерс тэмцээний аварга Сержио Гарсиа тодорсон байна. Өдгөө 38 настай Сержио Гарсиа 2000 онд буюу энэ шагнал гардуулах ёслолын анхны жил яг энэхүү тэсрэлт хийсэн тамирчны шагналыг хүртэж байсан юм.

СЕРЕНА УИЛЬЯМС ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧНААР ДӨРӨВ ДЭХЭЭ НЭРЛЭГДЛЭЭ

 

Харин оны шилдэг эмэгтэй тамирчны шагналд хөнгөн атлетикч Алисон Феликс, Кастер Семеня, цаначин Микаэла Шиффрин, усанд спортын шинэ дуулиан Кэти Ледеки, теннисчин Гарбин Мугуруза, Серена Уильямс зэрэг алдартнууд нэр дэвшсэнээс өнгөрсөн оны эхээр Австралид их дуулга тэмцээний 23 дахь цомоо өргөж, үрийн зулай үнэрлэсэн 36 настай Америк бүсгүй тодорсон юм. Серена Уильямс оны шилдэг эмэгтэй тамирчнаар дөрөв дэх удаагаа тодорч байна.

Тэгвэл спортод бүх насаа зориулж, үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмийн шагнал 400 м-ийн саадтай гүйлтийн уралдааны олимпийн хошой алтан медальт, дэлхийн хошой аварга, АНУ-ын алдарт тамирчин, өдгөө 62 настай Эдвин Моузест очсон байна. Танхим дахь бүх хүн босч түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр 10 жил өөрийн уралддаг ангилалдаа хамгийн хурдан нь байж, дэлхийн дээд амжилтыг дөрвөн удаа шинэчлэн тогтоосноос гадна, олимпийн наадмыг зохион байгуулах сонгон шалгаруулалт, сэргээшийн шинжилгээ зэрэг шинэ санаачлага нэвтрүүлж, анхны Лауреус шагнал гардуулах ёслолыг удирдаж байлаа.

Харин шилдэг эрэгтэй тамирчны шагнал дахин Щвейцарийн алдарт теннисчин Рожер Федерерт очсон юм. Ийнхүү Федерер тав дахь удаагаа дэлхийн шилдэг тамирчнаар тодорч, зургаа дахь Лауреусын цомоо хүртлээ. Түүнтэй хөнгөн атлетикч Мо Фара, хөл бөмбөгчин Роналду, дугуйчин Крис Фрум, нисэгч Льюис Хэмилтон, теннисчин Рафаэл Надал нар өрсөлдсөн юм.

Федерер өнгөрсөн онд Австралийн нээлттэй болон Уимбльдон гээд хоёр их дуулгаас гадна Мастерс ангиллын гурван тэмцээнд аваргаар тодорч, нийт долоон тэмцээнд түрүүлсэн юм.