Алдарт УЛУРУ хад руу авирахыг хориглох шийдвэр гаргажээ

Австралийн нийслэл сидней хотоос 2100 км-ийн зайд орших асар том чулуун тогтоц бүхий “Улуру” хад нь 1987 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдэж байсан юм.

Австралийн уугуул иргэд болох Анангучууд энэхүү хадыг ариун дагшин газар хэмээн хүндэтгэн дээдэлдэг бөгөөд энэхүү дурсгалт газрыг үзэхээр ирсэн аялагчдад нутгийн иргэдийн соёл уламжлалыг хүндэлж хад руу авиралт хийхгүй байх хүсэлтийг олон жилийн турш тавьж байсан юм. Археологийн судалгаагаар хадны ойролцоо 10,000 жилийн тэртээ эртний хүмүүс аж төрж байсныг баталсан бөгөөд жилд ойролцоогоор 300,000 хүн ирж сонирхдог гэж үндэсний хүрээлэнгийн албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна.

Харин лхагва гарагт “Улуру” хад руу авирахыг хориглох шийдвэрийг Үндэсний хүрээлэнгийн удирдах зөвлөл санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд 2019 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Тус өдрийг онцгойлон сонгосон учир нь 1985 онд нутгийн уугуул иргэд түүхэн дурсгалт газраа өөрсдийн эзэмшилдээ буцаан авсны 34 жилийн ойн баяр тохиож байгаа юм байна.

2011-2015 оны хооронд байгалийн дурсгалт газрыг үзэж сонирхохоор ирсэн аялагчдын 16 хувь нь авиралт хийсэн гэж Австралийн хүрээлэнгээс мэдэгджээ. Авирагчдын ихэнх хувийг Австрали, Японы аялагчид эзэлдэг байна.

1950 оноос хойш тус хад руу авирч амиа алдсан хүмүүсийн тоо одоогоор 30 хол даваад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2010 онд нэгэн эр унаж амь насаа алдсан явдал болжээ.