Ж.Батзандан давж заалдана

ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Батзанданг өөрийг нь гүтгэсэн гэж үзэн түүнээс уучлалт гуйж, өөрийнх нь тухай тараасан худал мэдээлэлдээ няцаалт хийлгүүлэх гэсэн хоёр үндэслэлээр шүүхэд ханджээ. Шүүх Хурцын нэхэмжлэлийг хүлээж аваад Батзандан гишүүнийг Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй, харин няцаалт хийх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Тэгвэл Батзандан гишүүн энэ шийдвэрт давж заалдах болжээ.

Гишүүний дараагийн хөндсөн асуудал нь мөн л түүнд гүтгүүлсэн гэж гомдсон ерөнхий сайд Баярын гомдолтой холбоотой. Тодруулбал тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51% ийг барьцаанд тавих гэрээнд тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр оролцсон гэж хэлсэн. Энэ үг гүтгэлэг биш гэж тэрээр үзэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38.1-т “Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Эдийн засаг, төрийн өмчийг удирдан зохион байгуулах үндсэн эрх, үүрэгтэй” гэж заасан. Гэтэл өөрийн үндсэн үүрэгт харьяалагдаж хянах ёстой “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих асуудалд Ерөнхий сайд мэдэхгүй байж болохгүй гэж УИХ-ын гишүүн Батзандан үзэж байна.

Томоохон хэмжээний хэлцэл хийхэд үйлдвэрийн ТУЗ-өөр дамжин ерөнхий сайдаас зөвшөөрөл авах ёстой. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй төлөө Баяр мөн л хариуцлага хүлээх ёстой гэж байгаа юм. үүнээс гадна Эрдэнэтийн асуудалд нэр холбогдсон албан тушаалтнууд өөрсдийгөө буруугүй гэж хэлдэг ч албан тушаалтан гэмт хэргийг мэдсээр байж мэдээгүй царайлсан бол эс үйлдлээрээ мөн л эрүүгийн хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байна.

Ч.Дэлгэрцэцэг