ҮЦХ-гийн эзэмшлийн 6.6 га талбайд Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих боломжтой гэсэн санал хүргүүлжээ

үргэлжлэл…

Бид өмнөх мэдээллээр хэзээ мөдгүй нурах дөхсөн “Байгалийн түүхийн музей”-н шинэ барилга барих асуудлын талаар онцолсон. Ингэхдээ барилга барих газрын асуудал шийдэгдвэл БНСУ-ын засгийн газраас буцалтгүй тусламжийн хүрээнд шинэ музей байгуулах төслийг судалж үзэхээр болоод байгаа юм. Тэгвэл эхний байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшилд байдаг 6.6 га талбайд музейн барилга барих боломжтой гэсэн саналыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-аас Нийслэлийн газрын албанд 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хүргүүлжээ.

Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг 2016 оны 5-р сард БНСУ-ын засгийн газар, Койка байгууллагын буцалтгүй тусламжаар барих асуудлаар судалж үзэхээр болж, 10-р сард судалгааны баг, ажлын хэсэгтэй хамтран Монголд ажилласан байдаг. Ингэхдээ музейн барилга барих боломжтой долоон байршилд судалгаа хийжээ. Тухайлбал “Ургах наран” хороолол, “Морингийн даваа”, “Ногоон нуур” болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд музейн барилга барихад тохиромжтой эсэх талаар судалсан. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс байгаль орчиндоо ойр, хүн ам төвлөрсөн гэдэг утгаар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохиромжтой гэж үзсэн байдаг. Гэтэл нийслэлчүүдийн усны ундарга, тусгай хамгаалалттай газар гэдэг утгаар нь барилга барих боломжгүй гэжээ. Тэгвэл одоо эрх барьж байгаа засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэх, үндэсний соёлын өвийг хадгалж хамгаалах ажлыг дэмжиж, музейн шинэ барилга барих газрын асуудлыг шийдвэрлэхэд боломжит байршлын санал авахаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т 2018 оны нэгдүгээр сарын 23-нд БСШУСЯ-ны хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албанаас албан бичиг хүргүүлжээ. Ингэхдээ цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газарт дэд бүтэц ойр хэсэгт байршуулан шийдвэрлүүлэх санал хүсэлтийг илэрхийлсэн байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ нь цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 973.3 га газрыг 2014 оны 4-р сараас хойш 30 жилийн хугацаатай эзэмшдэг. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газар болох БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Дүнжингарав худалдааны төвөөс Амгалан явах замд буюу Чулуун овооны тойргийн чанх урд байрлах 6.6 га талбайд Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг барих боломжтой талаар саналын дагуу албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлжээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn