Нийт ажилгүйчүүдийн 66 хувь нь боловсролтой ажилгүйчүүд байна

Үндэсний статистикийн хорооноос явуулсан ажиллах хүчний түүвэр судалгаанд өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар

1.Манай улсад 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч 1,4 саяд хүрчээ

2.Эдгээрээс ажил эрхэлж байгаа 1,3 сая иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 134 мянгаар буюу 11,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол

3.Ажил хөдөлмөр эрхлээгүй 100 мянга гаруй иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,3 хувиар буурчээ

4.Тэгвэл 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа аанб-ын тоо өмнөх оны мөн үеэс 6,4 мянгаар өссөн үзүүлэлттэй гарчээ.

2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүйдлын түвшин 7,3 хувьтай өмнөх оноос 1,3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Ажилгүй иргэдийг боловсролын түвшнээр авч үзвэл нийт ажилгүйчүүдийн 66 хувь нь тодорхой мэргэжил эзэмшсэн буюу техник болон тусгай мэргэжлийн дунд болон дээд боловсролтой иргэд байгаа бол үлдсэн 34 хувь нь бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой иргэд байна. Хөгжиж байгаа орнуудад гол төлөв боловсролын түвшин доогуур хүн ам ажилгүй байдаг бол манай улсад боловсролтой иргэд ажилгүй байх хандлагатай байна.

Ажиллах хүчний судалгаагаар нийт ажилгүй байгаа иргэдийн 12,3 мянга нь мэргэжилд тохирох ажил олдохгүй байгаа гэсэн ч нөгөө талд нийт ажилгүйчүүдийн 66 хувийг боловсролтой ажилгүйчүүд эзэлж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлтийн тэнцвэр алдагдсаныг мэргэжилтнүүд онцолж байна.

Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хандаж байгаа ажил хайгчдын дунд ажлын анкет бөглөх, ажлын ярилцлаганд орохдоо бэлтгээгүй байдал зэрэг дутагдлууд ажиглагддаг болохыг зуучлалын мэргэжилтэн онцолсон юм. Жишээ нь:анкет бөглөхдөө үг, үсэг, найруулгын алдаа гаргах, зарим мэдээллийг дутуу бөглөх зэрэг түгээмэл алдааг гаргадаг байна.

Б.Хулан