Монгол улс ОҮИТБС-ын стандартыг хангасан хоёр дахь улс боллоо

Монгол улс ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА-ын баталгаажуулалтыг 2016-2017 онд зохион байгуулж, засч сайжруулах хэд хэдэн үйл ажиллагаанд үнэлгээ өгсний үндсэн дээр 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ОҮИТБС-ын удирдах хороо Монгол улсыг ОҮИТБС-ын стандарт шаардлагуудыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн юм.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь байгалийн баялгийн үйлдвэрлэлийг олон нийтэд ил тод, хариуцлагатай байдлаар удирдахад чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний тэгш оролцоотой дэлхийн нийтийн түншлэл бөгөөд олон улсын хэм хэмжээ юм. Одоогоор 2016 оны шинэ стандартын дагуу баталгаажуулалтаар байгалийн баялаг ихтэй дэлхийн 52 орон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхээр нэгдэн оржээ. Тэгвэл монгол улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангасан дэлхийн хоёр дахь орон боллоо. Мөн Тимор Лесте улс стандартыг хангасан 3 дахь орноор хүлээн зөвшөөрөгдсөн нь Ази Номхон далайн бүс нутаг ОҮИТБС-ын тэргүүлэх орнууд болж эрдсийн баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл ажээ.

Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлбарлах, нөгөө талаас засгийн газар тэдгээр компаниудаас авсан орлогоо тайлагнах, хоёр талаас ирүүлсэн тайланг хараат бус хянагч, нэгтгэгч тулган баталгаажуулалт хийж аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж түүнийг ил тод болгох нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үүрэг юм.

Манай улс 2006 онд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхээр нэгдсэн байдаг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд дан ганц санхүүгийн мэдээллээс гадна салбарын суурь мэдээлэл, төрөөс баримтлах бодлого, төсвийн хуваарилалт буюу орлогын зохион байгуулалт, тусгай зөвшөөрөл олголт, гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд, олборлолт хайгуулын үйл ажиллагаа, эдийн засагт оруулах хувь нэмэр зэрэг салбарын мэдээллийг ил тод болгож мэдээлэх болсон.

Ийнхүү монгол улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангасан дэлхийн хоёр дахь орон болсноор мэдээлэл ил тод болж иргэд, олон нийт байгалийн баялаг нь үр өгөөжтэй захиран зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм.

Б.Хулан