Халдварт өвчний голомт болсон нүхэн жорлон

Хавар болж цас, мөс хайлж эхлэхэд нийслэлийн нүхэн жорлонгоос үүдэх хөрсний бохирдол халдварт өвчний голомт болж байна. Энэ асуудлыг ойрын хэдэн жилдээ шийдвэрлэх гарц байхгүй учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах нь бусад эрсдэлүүдийг багасгах боломж гэж нийслэлийн захирагчийн ажлын албанаас үзэж байгаа юм. Тухайлбал хөрсний бохирдлыг бууруулах, бохирдол үүсгэгч нянг задлах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис бүтээгдэхүүнийг олон нийт иргэдэд сурталчлах нь чухал байгаа гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод агаар орчны бохирдол монгол улсын хүлцэх хэмжээнээс давсан гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Үүний араас нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдээд байгаа хөрсний бохирдол зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг болоод байгаа юм. Энэ асуудлыг цогцоор нь шийдье гэвэл инженерийн дэд бүтэц, гэр хорооллыг орон сууцжуулах гэх мэт эдийн засгийн хувьд томоохон шийдлүүд хөндөгдөж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд иргэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж хэвших нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах нэг алхам үзэж байгаа юм.

Тэгвэл нийслэлээс жилд 1 удаа 180-200 сая төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хамгийн их хөрсний бохирдолтой дүүргүүдийн 10-15 мянган айл өрхөд хийдэг байна. Ийнхүү ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг төсвийн хөрөнгөөр хийх нь хүртээмжийн хувьд төдийлөн хангалтгүй байгаа учир нь гэвэл нийслэлд 200 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч нүхэн жорлон ашиглаж байгаа юм.

Тиймээс нянг устгах , хөрсний бохирдлыг задлах амьд бактери болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын мэдээллийг түгээх, иргэд олон нийтэд сурталчилж хэрэглээг нэмэгдүүлэх нь хөрс, орчны бохирдлыг бууруулах эхний ээлжийн алхам болно гэсэн юм.

Б.Хулан