Хичээлээс гадуур дугуйланд хамрагдах нь хүүхдийн төлөвшилд өндөр ач холбогдолтой

Хүн амын төвлөрөл, сургуулийн ээлжийн ачаалал зэргээс хамаарч сурагчдын сургууль дээр өнгөрүүлэх цаг харьцангуй бага байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нь чухал юм. Өнөөдрийн байдлаар хүүхдийн хөгжилд чиглэсэн хүүхдийн ордон, урлан бүтээх төв, спортын төв ордон гэх тоотой хэдэн төвүүд байна. ЕБС-ийн сургиулуудад хичээллэж байгаа дугуйлангуйд орон нутгийн хэмжээнд хангалттай байгаа ч нийслэлийн хэмжээнд харьцангуй цөөн байна.

-Нийслэлд ЕБС-ийн 1243, орон нутагт 2765 дугуйлан хичээллэж байна-

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 419 сургуульд нийт 4008 секц дугуйлан хичээллэж байна. Эдгээр сургалт дугуйлан хүүхдийн заавал судлах хичээлээс гадуур явагддаг хүүхдийг хөгжүүлэх урлаг спорт, техник технологийн дугуйлан секцүүд юм. Тэгвэл хичээлээс гадуур сургалт, дугуйланд хамрагдах нь хүүхдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олж авах, хувь хүн бие хүн болж төлөвшихөд хүмүүжлийн асар өндөр ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Мөн хичээлээс гадуур сургалт дугуйланд хамрагдсанаар хувийн болон цагийн зохион байгуулалттай болох, бие даах чадварыг эзэмших зэрэг олон давуу талтайг эцэг эхчүүд онцолж байна.

Одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон сургалтын төв болох монголын хүүхдийн ордонд 22 төрлийн дуу хөгжим, дүрслэх урлаг, гадаад хэлний 33 дугуйланг хичээллүүлж байна. Эдгээр дугуйлан группын болон ганцаарчилсан эсэхээс хамаарч 130-800 мянган төгрөгийн төлбөртэй бол хүүхдийн ордны харьяа салбар 25 дугуйлан нийслэлийн 9 дүүрэгт үнэ төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулж нийт ЕБС-ийн 2000 гаруй сурагчдыг хамруулж байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд үнэ төлбөргүй сургалт явуулдаг хүүхдийн урлан бүтээх төвд өнөөдрийн байдлаар 6-18 насны 2005 суралцагч өөрсдийн сонирхсон төрлөөр дугуйланд хамрагдаж байна.

ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд үндсэн хоёр сургалтын хөтөлбөр багтдаг.Үүнд:Заавал судлах ёстой хичээлийн цаг, сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагууд ордог. Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагт урлаг спортын дугуйлан секцүүд орно. Хүүхдэд хичээл сургалтаар олж авсан мэдлэг чадварыг бататгах, хөгжүүлэх, амьдрах ухааны чадварыг олж авахад сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг зориулагдсан. Харамсалтай нь манай нийслэл хотын хүн амын төвлөрлөөс шалтгаалж нийт сургуулийн 30 хувь нь гурван ээлжээр хичээллэж хүүхдүүд 5 цагийг л сургууль дээр өнгөрөөж бусад цагийг гэр орондоо өнгөрөөж байгаа юм.

Сурагчдын сургууль дээр өнгөрөөж байгаа цаг хомс байгаа учраас гэртээ болон гадуур өнгөрөөх цагийг илүү үр бүтээлтэй байлгахын тулд хүүхдийг багаас нь төрөл бүрийн сургалт дугуйланд хамруулах нь хүмүүжил, төлөвшлийн олон талын ач холбогдолтой юм.

Б.Хулан