105 мянга гаруй иргэн хүүхдээ гэртээ асарч байгаа учраас хөдөлмөр эрхлэхгүй байна

-Хөдөлмөр эрхлэх сонирхол байдаг ч боломж хомс байна-

Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхэдтэй залуу гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх, бүтэн өдрийн туршид тэдэнд илүү анхаарал халамж тавих зайлшгүй шаардлага гардаг. Гэсэн ч эцэг эх 2-уулаа, эсвэл ганц бие ээж ажил хийхгүй л бол өрхийн төсөв ядмагхан байдгийг залуучууд хэлдэг. Ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүд ажил хийх сонирхол байдаг ч боломж нь тэр бүр олддоггүйг тэд хэлж байгаа юм.

-105 мянга гаруй иргэн хүүхдээ гэртээ асарч байгаа учраас хөдөлмөр эрхлэхгүй байна-

2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсад эдийн засгийн идэвхгүй 822 мянга гаруй иргэн байна. Эдгээрээс 105 мянга гаруй нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, гэртээ хүүхдээ асарч байгаа юм. Эдгээр иргэдийн дийлэнхийг ээжүүд эзэлж байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгаагаар их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн 22,8 хувь нь эдийн засгийн идэвхгүй буюу ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Эдгээр эдийн засгийн идэвхгүй байгаа төгсөгчдийн 34,7 хувийг жирэмсэн болон хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүд эзэлжээ. Тэгвэл эдийн засгийн идэвхгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй залуучуудын 78 хувь нь жирэмсэн болон хүүхэд, өндөр настан асарч байгаа шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Харин залуучуудын 5 хүн тутмын нэг нь жирэмсэн болон хүүхэд асрах шалтгаанаар ажлаасаа гардаг байна.

-Ажил хайж байгаа ээжүүдэд ажлын туршлагатай холбоотой сэтгэлзүйн асуудал тулгардаг-

Харин бага насны хүүхдээ асарч байгаа дийлэнх ээжүүд ажил хөдөлмөр хийх сонирхолтой байдаг ч тохирох ажил олддоггүй, мөн хүүхэд харах хүнгүй зэрэг шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй байна. Эдгээр шалтгаануудаас гадна ажил хайж байгаа ээжүүдэд төрсний дараах сэтгэлзүй болон ажлын туршлагагүй байдал зэргээс үүдэж сэтгэл зүйн айдас, ажил хайх явцдаа амархан шантрах зэрэг хүндрэлүүд гардаг болохыг сэтгэл судлаачид хэлж байна.

-ЕБС-ийн дэргэд өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулах шаардлага байна-

Тиймээс бага насны хүүхэдтэй ажил идэвхтэй хайж байгаа ээжүүдийн асуудлыг шийдсэнээр нийт ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлэх боломжтой юм. Тодруулбал ЕБС-ийг нэг ээлжтэй болгох, өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулах, цэцэрлэгийн тоог нэмэх зэрэг нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Б.Хулан