Иванка Трамп Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолд оролцохоор БНСУ-д хүрэлцэн очлоо

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамп Пёнчаны өвлийн олимпийн хаалтын арга хэмжээнд АНУ-ын баг төлөөлөгчдийг тэргүүлэн оролцохоор БНСУ-д баасан гарагт хүрэлцэн очжээ. Түүний хамтаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс болон сенатор Жеймс Рич зэрэг албаны төлөөлөгчид мөн хүрэлцэн очсон байна. Олимпийн нээлтийн ёслолын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон хэвлэлийнхний гол бай болоод байсан бол харин энэ удаад АНУ-ын ерөнхийлөгч доналд трампын охин Иванка Трамп хаалтын ёслолын гол дүр болох төлөвтэй байгаа юм.

“АНУ-ын төлөөлөгчдийн хамтаар БНСУ-д хүрэлцэн ирсэн маань нэр төрийн хэрэг. “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд амжилттай оролцсон АНУ-ын баг тамирчдадаа өөрийн биеэр баяр хүргэж, БНСУ-тай нөхөрсөг харилцаагаа улам бэхжүүлэхээр ирсэндээ туйлын их баяртай байна. Биднийг халуун дотноор хүлээн авсан Өмнөд Солонгосын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье.”

Энэхүү айлчлалын үеэр БНАСАУ болон АНУ-ын талуудын уулзалт хэлэлцээр зохион байгуулагдах эсэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Гэвч одоогийн байдлаар цөмийн хөтөлбөрийн асуудлаар таарамжгүй харилцаатай байгаа хоёр улсын төлөөлөгчдийн хооронд ямар нэгэн уулзалт хэлэлцээр болно гэсэн тов гараагүй байна гэж Өмнөд Солонгосын албаныхан мэдээлжээ.

Иванка Трампын тэргүүлсэн АНУ-ын төлөөлөгчдийг БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хөх Ордондоо хүлээн авч уулзах юм. Баасан гарагт эхэлсэн Иванка Трампын айлчлал даваа гарагт өндөрлөнө.

Б.Амарзаяа