БНАСАУ-ын иргэдийн Япон улс дахь ерөнхий холбооны байр руу гал нээсэн хэрэг гарчээ

Баасан гарагт орон нутгийн цагаар үүрийн дөрвөн цагийн үед Японы нийслэл Токио хотод байрладаг БНАСАУ-ын иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу “Чонрён”-ы төв байр руу хоёр этгээд гал нээсэн хэрэг гарсан байна. 56 настай Сатоши Кацурада болон 46 настай Ёшинори Кавамура хэмээх Япон улсын хоёр иргэнийг тус хэргийг үйлдсэн хэргээр барьж саатуулаад байгаа тухай цагдаагийн албаныхан мэдэгджээ. Энэхүү явдлаас болж амь насаа алдсан болон гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

“Чонрён”-ы холбооны байрыг Япон улсад аж төрж буй Хойд Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор анх 1955 онд байгуулж байжээ. Өдгөө энэхүү холбоо нь дэлхийн бусад улс орнуудад салбараа нээн өргөжин тэлсэн бөгөөд төв салбар нь Японы токио хотод байрладаг юм. Япон улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоогоогүй ч тус холбоо нь Япон улс дахь БНАСАУ-ын элчин сайдын яамны үүрэг гүйцэтгэдэг хэлж болно.

Галт зэвсгийн тал дээр хатуу чанга хууль тогтоомжтой Япон улсад энэ төрлийн халдлага гарах нь ховор тохиолдол гэж ажиглагчид дүгнэж байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаас болж хоёр улсын харилцаа таарамжгүй байгаагийн дээр өнгөрөгч онд Хойд Солонгосын туршсан хоёр ч пуужин Япон улсын дээгүүр өнгөрсөн нь хоёр улсын харилцаанд улам сэв суулгаад байгаа юм. 1910-1945 он хүртэлх Япон улсын колоничлолын үеэр хүнд хүчир ажил хийхээр Японд боолчлогдон ирсэн Солонгосын ард иргэдийн өдгөө 500 мянга гаруй үр хүүхэд Японд аж төрж байна.

 

Б.Амарзаяа