Манай улсад сүүлийн 10 жилд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн 560 гаруй зөрчил бүртгэгджээ

“Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдлийг ял шийтгэлгүй өнгөрөөж байгаатай тэмцэх олон улсын өдөр” тохиож байна. Энэ өдөр Мали улсад ажил үүргээ гүйцэтгэж байсан Францын хоёр сэтгүүлч амь насаа алдсан юм. Тэдгээр сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн НҮБ-ын ерөнхий Ассамблейн 68 дахь чуулганаар олон улсын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

НҮБ-ын ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Боковаги: “Эрх чөлөөт нийгмийн тулгын чулуу нь шударга ёс байдаг. Шударга ёс бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд аюул занал учруулах этгээдийг зогсоож, түүнийг хамгаалахад хүчин чармайлт гаргаж буй хүмүүсийг дэмждэг. Тиймээс сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй шударга бус байдал нь бүх нийгэмд ноцтой асуудал болж байна” гэж дүгнэсэн юм.

Харин 2006 оноос эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэж эхэлсэн “Глоб интернэшнл” төвийн мэдээлснээр монголд сүүлийн 10 жилд 560 гаруй зөрчил бүртгэгджээ. Мөн тус төвөөс сүүлийн жилүүдэд сэтгүүлчдэд шууд ирэх дарамт, заналхийлэл, сүрдүүлэг илт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зөрчлийн хэлбэрүүд улам нуугдмал байдалд шилжих хандлагатай байгаад санаа зовинож буйгаа мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей нь гишүүн орнууддаа хандаж “сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эсрэг үйлдэгдсэн сэжиг бүхий бүх хэлбэрийн хүчирхийллийн хэргийг шүүх эрх мэдлийн хүрээнд үнэн шударга, түргэн шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах, эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг шүүхээр хамгаалуулах эрхээр хангах асуудалд хариуцлагатай хандах талаар боломжтой бүхнээ хийх”- ийг шаардсан юм. Мөн сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж, мэдээллэх, эдгээр төрлийн халдлагыг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай нөөц бололцоог зориулах замаар сэтгүүлчдэд ажил үүргээ бие даан, хөндлөнгийн оролцоогүйгээр гүйцэтгэхэд нь аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан байдаг. Гэсэн ч манай улс энэ мэт үүргээ биелүүлэхгүй, хойрго хандаж байгаа юм.

НҮБ-ын хүний эрхийн хорооноос өнгөрсөн долоодугаар сард монголын засгийн газарт “сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн хадлагыг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй гэх” зөвлөмж өгсөн юм. Харин мэргэжлийн байгууллагууд засгийн газрыг энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт итгэж буйгаа дамжууллаа.