Олимп, хөл бөмбөг болон бусад мэдээллүүд

 

АНУ-ЫН ТАМИРЧИД ГҮЙЛТИЙН ЦАНААР АНХ УДАА АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Пёнчаны өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын ойрын зайн чөлөөт техникийн багийн уралдаанд АНУ-ын тамирчид эцсийн мөчид түрүүлж, түүхэндээ анх удаа гүйлтийн цанын тэмцээнээс алтан медаль хүртсэн байна. Тодруулбал АНУ, Швед, Норвегийн тамирчид тун ойрхон бариалсан. Тэр дундаа Америк, Шведийн тамирчид бараг л зэрэг барианд орж, бариалах агшны гэрэл зургаас харвал Америкийн тамирчин түрүүлжээ. Тэгвэл хүрэл медаль хүртсэн Норвегийн багаас Марит Бьёрген олимпийн наадмаас 14 дэх медалиа хүртлээ. Өдгөө 37 настай Норвеги бүсгүй сүүлийн таван олимпоос долоон алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл тэрээр өвлийн олимпийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон медальтай тамирчин болоод байна.

НОРВЕГИЙН ЦАНАЧИД ГҮЙЛТИЙН ЦАНААС ЗУРГААН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

Тэгвэл олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ойрын зайн чөлөөт техникийн багийн уралдаанд Норвегийн тамирчид хамгийн хурдан нь байлаа. Энэ олимпийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино зайн уралдаанд түрүүлж, 4*10 км-ийн буухиа уралдаанаас хоёр дахь алтан медалиа хүртээд байсан Норвегийн тамирчин Йоханнес Клебо, Мартин Йонсрудтай хамтран уралдаж, замын эхний хагасыг Йонсруд, төгсгөлийг Клебо хийсэн юм. Ингээд тэд 15 минут 56:26 секундээр түрүүлж, араас нь орос, францын тамирчид удааллаа. Ийнхүү Норвегичүүд гүйлтийн цанаас зургаан алтан медаль хүртлээ. Тэд гүйлтийн цанын төрлүүдэд нийт 13 медалийн амжилттай тасархай тэргүүлж байгаа юм.

 

ОРОС ОХИД ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ДАРААЛАН ШИНЭЧИЛЛЭЭ

Энэ өдөр уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оросын залуу авьяастан Евгения Медведева богино үзүүлбэрээрээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Анхны олимпдоо оролцож байгаа 18 настай Медведева шүүгчдээс 81.61 оноо авч дэлхийн рекордыг эвдсэн. Гэвч ердөө хэдхэн хоромын дараа түүний нэгтэн, дөнгөж 15 настай тамирчин Алина Загитова үзүүлбэрээрээ 82.92 оноо авч Медведевагийн дэлхийн рекордыг эвдэж орхилоо. Одоо тэд чөлөөт үзүүлбэрээр өрсөлдөх болно.

ЯПОНЫ ТЭШҮҮРЧИД ОЛИМПИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Өвлийн олимпийн тэшүүрийн тэмцээний эмэгтэйчүүдийн багийн хөөх уралдаанд олимпийн наадмын дээд амжилт шинэчлэн тогтоогдлоо. Энэ төрөлд ноёлогч Недерландын тамирчин дөрвөн жилийн өмнө Сочид 2 мин 58.05 секундээр олимпийн дээд амжилтыг тогтоож байсан юм. Тэгвэл медалийн төлөөх гараанд АНУ-ын гурвал 2:59.27 секундээр барианд орсон нь хүрэл медалийг тэдэнд авчирсан. Тэгвэл Недерландын гурвал 2 минут 55:48 секундын амжилт үзүүлж олимпийн рекордыг эвдсэн Японы баг 2 минут 53.89 секунд буюу түүнээс ч баг цаг үзүүлж олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор алтан медаль хүртсэн юм. Энэхүү наадмын тэшүүрийн тэмцээнээс хүртсэн Японы багийн тав дахь медаль, хоёр дахь алт нь байлаа. Тэшүүрийн тэмцээнийг Недерландын баг зургаан алт, дөрвөн мөнгө, нийт 13 медальтай тэргүүлж байна.

ОРОСЫН ЭМЭГТЭЙ ХОККЕЙЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДСАНГҮЙ

Олимпийн наадмын хоккейн тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын хүрэл медалийн төлөөх тоглолтонд Финляндын баг Оросын багийг 3:2-ийн харьцаатай буулгаж авсан юм. Олимпийн далбаан дор оролцож байгаа Оросын бүсгүйчүүд түүхэндээ анх удаа олимпийн наадмаас медаль хүртэхэд ойрхон байлаа. Оросын эмэгтэйчүүдийн шигшээ баг түүхэндээ ДАШТ-ээс гурван удаа хүрэл медаль хүртэж байсан юм. Харин Финляндын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд олимп, ДАШТ-ээс 14 медаль хүртсэн. Сонирхолтой нь бүгд хүрэл. Тэгвэл энэ удаад олимпийн наадамд гурав дахиа хүрэл медалийн эзэн боллоо.

“ПОРТО” ДОТООДЫНХОО ЛИГТ ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

Аваргуудын лигийн 1/8 шигшээд Ливерпүүлд 5:0-ээр хожигдсон Порто клуб Португалын хөл бөмбөгийн лигийг Порто хожигдолгүй, гол өрсөлдөгч Бенфикагаас таван оноо илүү тэргүүлж байна. Тэд лигийн 23 дахь тоглолтоо Эсторил клубын талбайд зочлон хийхэд эхлээд гоол алдсан ч эцэст нь 3:1-ээр хожиж чадлаа. Тодруулбал эхний хагаст талбайн эзэд 1:0-ээр тэргүүлж байлаа. Харин завсарлагааны дараа 14 минутын дотор гурван гоол Портогийнхон оруулжээ. Порто энэ улирал лигээ тэргүүлж байгаагаас гадна дотоодынхоо цомын тэмцээний хагас шигшээд шалгарч, эхний тоглолтондоо Спортингийг хожчихоод байгаа. Гэвч аваргуудын лигт хариу тоглолтонд дор хаяж зургаан гоолын зөрүүтэй Ливерпүүлийг хожих бүтэшгүй даалгавартай тулгаад байна.

АВАРГУУДЫН ЛИГТ К.РОНАЛДУ 11 ГООЛТОЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Аваргуудын лигийн 2017/18 оны улирал 1/8 шигшээн эхний тоглолтуудын дараах байдлаар мэргэн буучдын хүснэгтэнд гурван тоглогч ижил зургаан гоолтой 4-8-р байранд эрэмблэгдэж байна. Нэймар долоон тоглолтонд оролцож зургаан гоол оруулсан, гэхдээ сүүлийн хоёр тоглолтонд гоол оруулаагүй. мөн Бен Йеддер, Мохамед Салах, Эдисон Кавани, Садио Мане нар тус бүр зургаан гоол оруулаад байгаа. Өөрөөр хэлбэл ПСЖ, Ливерпүүл клубүүдээс тус бүр хоёр тоглогч зургаан гоолтой байна. Тэдний дээр Тоттенхэмийн Харри Кэйн, Ливерпүүлийн Роберто Фирмино нар тус бүр долоон гоолтой эрэмблэгдэж байна. Ливерпүүл аваргуудын лигийн энэ улирал нэг тоглолтонд дунджаар дөрвөн гоол оруулсан гайхалтай үзүүлэлттэй байна. Тэгвэл мэргэн буучдын хүснэгтийг Роналду 11 гоолтой тэргүүлж байна. Тэрээр багийнхаа нийт гоолыг талаас илүүг авчирчээ.

ДАШТ-ИЙ АЛТАН ЦОМ ДУБАЙД ЗОЧИЛЖЭЭ

Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд 110 гаруй хоног үлдээд байгаа энэ үед тус тэмцээний алтан цомын аялал Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотоор үргэлжилж байна. ДАШТ-ий аваргын цом тэмцээн эхэлтэл зургаан тивээр 126,000 км замыг туулах юм. Аялал өнгөрсөн сарын сүүлээр Английн Лондон хотоос эхэлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд Японы Токиод өндөрлөж, ОХУ-ыг зорино. Хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ.

 

МУГТ, АРДЫН БАГШ Ц.ДАМДИН ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЖЭЭ

Монголын олимпийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавьяат тамирчин, Ардын багш, Монголын үндэсний бөхийн улсын начин, Самбо бөхийн дэлхийн аварга, 1980 оны Москва хотноо болсон зуны олимпийн наадмын мөнгөн медальт жүдоч Цэндийн Дамдин 60 насандаа зуурдаар таалал төгсчээ. Тэрбээр олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр медаль хүртсэн анхны монгол тамирчин юм. Түүнээс хойш нийт есөн удаагийн өвөл, зуны олимпийн наадамд тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөр оролцож байжээ. Мөн 1981-ээс 1983 оны хооронд жүдо бөхийн ДАШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, улсын 7 удаагийн аварга болж байснаас гадна улсын их баяр наадам 1984 онд П.Дагвасүрэн арслангаар 5 давж улсын начин цол хүртээд 1988 онд Ж.Мөнхбат аваргаар 5 даван улсын начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртсэн байдаг. Тэрбээр 2005 оноос хойш өнөөг хүртэл МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.

“ХОВД ШОНХОРУУД” АВАРГЫН ТӨЛӨӨХ ЦУВРАЛД ДАХИН ХОЖЛОО

МҮСБХ-ноос зохион явуулж буй 21 аймгийн үндэсний лигийн аваргийн төлөөх цувралын хоёр тоглолт МҮЭСТО-нд боллоо. Эхний тоглолтонд Ховд Шонхорууд баг эцсийн мөчид 118-115-аар хожиж цувралыг тэргүүлж эхэлсэн бол энэ удаад ч тоглолтын эхнээс тун тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн юм. Улмаар хоёр багийн тоглолтод Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105-102-оор дахин хожсоноор цувралыг 2:0-ээр хошуучилж эхэллээ. Дайчид багаас ОУХМ Г.Баттөр 35оноо, 8 самбар, ОУХМ Б.Билгүүн 26 оноо, 8 самбар авсан ч баг нь цувралыг тэнцүүлж чадсангүй. Цувралын дараагийн тоглолт ирэх бямба гарагт МҮЭСТО-нд 15 цагаас явагдана.

ӨНӨӨ ШӨНӨ ЕВРОПА ЛИГИЙН ТОГЛОЛТУУД БОЛНО

Өнөөдөр шөнө Европа лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд явагдана. Түүхэндээ анх удаа Европын тэмцээнд хөл тавьсан ч эхний тоглолтондоо Италийн Наполиг 3:1-ээр хожчихоод байгаа Германы Лайпциг талбайдаа өрсөлдөгчөө хүлээн авна. Лайпциг эхний тоглолтонд эхлээд гоол алдсан ч хариуд нь гурван гоол дараалан оруулсны хоёрыг нь Тимо Уэрнэр багтаа авчирч байсан юм. Гэхдээ Лайпциг өнгөрсөн мягмар гарагт Айнтрахт Франкфуртэд хожигдсоноор Бундеслигт тавдугаар байр руу ухарчихаад байгаа юм. Тус тоглолтын үеэр булчингаа бэртээсэн Гвинейн шигшээ багийн ахлагч Наби Кейта Наполигийн эсрэг хариу тоглолтыг өнжинө. Мөн Лайпцигийн хамгаалагч Уильи Орбан өвдөгний асуудлын улмаас эргэлзээтэй байна. Өнөөдөр шөнө Европа лигийн 16 тоглолт явагдана. 00 цагаас нэг тоглолт, 02 цагаас найман тоглолт, үлдсэн долоо нь 04 цаг 05 минутаас эхэлнэ. Лайпциг 2 цагаас, Арсенал дөрвөн цагаас тоглоно.

ЖОРЖ ВЕА АФРИКИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН БАЙГУУЛНА

Либери улсын шинэ ерөнхийлөгч, нэгэн цагт дэлхийн шилдэг хөл бөмбөгчнөөр тодорч явсан Жорж Веа Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзахдаа Африкийн спортыг хөгжүүлэх сан байгуулах гэж байгаагаа зарлажээ. Жорж Веа ерөнхийлөгч болсноосоо хойш анхны албан ёсны айлчлалаа хийж байгаа юм. Энэ уулзалтанд Францын залуу алдартан Кылиан Мбаппе, Кот д’Иворын алдарт довтлогч Дидье Дрогба нар оролцсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Эммануэл Макрон, Жорж Веа нарын аль аль нь хоёр орны харилцааг дахин сэргээхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Африк тивийн буурай орнуудын нэг Либерийн ерөнхийлөгч Жорж Веа алдарт хөл бөмбөгчний замналаа 1990-ээд оны Францын лигээс эхлүүлж байлаа.

ПАРИС СЭН ЖЭРМЭЙН КЛУБЫН ДОВТЛОГЧ КЫЛИАН МБАППЕ: Хэдийгээр би Францын иргэн ч Африк гаралтай учраас энэ уулзалт надад их чухал байлаа. Африкийн спорт, түүний хөгжил миний сэтгэл зүрхэнд үргэлж уяатай байдаг. Миний ямар нэгэн зүйлээр үүнд туслах боломж байвал би үргэлж дуртайя хүлээн авах болно.

КОТ Д’ИВОРЫН ХӨЛ БӨМБӨГЧИН ДИДЬЕ ДРОГБА: Хөл бөмбөг бол хүмүүсийг хооронд нь нэгтгэдэг маш хүчирхэг зүйл. Жоржийн сонгогдсон нь ч маш олон зүйлд өөрчлөлт авчирсан.

ЦОМЫГ ХАМГААЛАГЧ ЕЛЕНА СВИТОЛИНА НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОНДОО ХОЖИВ

Арабын нэгдсэн Эмират Дубай хотноо болж байгаа талбайн теннисний тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа хамгийн өндөр чансаатай теннисчин, өнгөрсөн жилийн аварга Украины Елена Свитолина нээлтийн тоглолтоо Хятадын теннисчин Ван Цяны эсрэг хийж гурван сетд хожлоо. Одоо дэлхийд гуравт эрэмблэгдэж байгаа Свитолина эхлээд 6:1-ээр илт давуу хожсон ч хоёр дахь сетд Хятад бүсгүй 7:5-аар харьцааг тэнцүүлж чадсан юм. Гэвч шийдвэрлэх сетд Украины теннисчин 6:2-оор дахин илүүрхэж, хоёр цаг 10 минут үргэлжилсэн тоглолтонд ялагчаар тодорлоо.