Байгалийн түүхийн музейн шинэ барилга барихад 58.3 сая ам.доллар шаардлагатай

Одоогоос тав орчим жилийн өмнө Байгалийн түүхийн музей үүдээ барьсан. Гэтэл музейн шинэ барилгын асуудал шийдэгдэж чадалгүй өдийг хүрч, үзмэрүүд музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэгвэл одоогийн засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа барилга барих ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн БНСУ-ын засгийн газраас буцалтгүй тусламжийн хүрээнд музейн барилга барих төслийг судалж үзэхээр болоод байгаа юм байна.

Монголын газар нутаг дээрх палентеологийн үеэс эхлээд 19-р зууны эхний үеэс хойшхи долоон чиглэлийн 13.000 орчим үзмэртэй музей бол Байгалийн түүхийн музей юм. Анхнаасаа ашиглалтад оруулахдаа музейн зориулалтын бус сургуулийн үйл ажиллагаа явуулах барилгад 1954 оноос Монголчуудыг байгалын түүхээр аялуулж, соён гэгээрүүлж байсан юм. Гэтэл өнөөдөр нурах эрсдэлтэй, цаашид үйл ажиллагаа явуулахад тохиромжгүйгээс гадна музейн сан хөмрөгт муугаар нөлөөлж болзошгүй гэх шалтгааны улмаас хаалгаа барьсан. Харин үзмэрүүд үзэгчдийн өмнө бус хаалттай хаалганы цаана үлджээ. Тодруулбал 1990 онд ашиглалтад оруулсан өргөтгөл буюу сан хөмрөгийн хэсэгт найдвартай хадгалагдаж байна. Музей үүдээ барьсан хаасан өнгөрсөн хугацаанд музейн шинэ барилгын зураг төсөл боловсруулсан. Гагцхүү төсөв, хөрөнгөгүй, газрын асуудал шийдэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл ажил урагшилсангүй. Тэгвэл одоо эрх барьж байгаа засгийн газрын тэргүүн 2017 оны 11-р сарын 29-нд “Соёл, урлагийн ажилтны улсын 2-р чуулган” –д оролцох үеэрээ орчин үеийн музейн шаардлага хангасан барилга барих ажил эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн ерөнхий сайд өнгөрөгч 1-р сард БНСУ-д хийх айлчлалын үеэр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тус улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар “Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлыг солонгосын тал судалж үзэхээр болоод байгаа юм. Хэрэв музейн шинэ барилгыг ашиглалтад оруулвал өмнө нь 7 байсан музейн үзмэрийн төрлийг 10 болгон нэмэгдүүлж, сан хөмрөгөө өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn