ХНХЯ-ны өргөтгөлийн барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг хангаагүй

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой төрийн байгууллагын хамгийн чухал субъектуудын нэг. Тийм ч учраас ХНХЯ бусад салбар яамдыг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг харьцангуй их явуулдаг. Гэтэл тус яамны өргөтөлийн шинэ барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламжийн стандартын наад захын шаардлагыг хангахгүй байгааг иргэн В.Ойдов шүүмжилсэн байна.

Нийслэлийн хэмжээнд байх 22 мянга орчим барилгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн ороод гарахад саадгүйгээр зам талбай, үүд хаалгаа стандартын шаардлагын дагуу барьсан нь цөөхөн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг салбар яам барилгын шинэ өргөтөлдөө наад захын стандартын шаардлагыг мөрдөөгүй байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл В.Ойдов шүүмжилж барилгын зураг холбогдох тайлбарыг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Нийтлэлийг эндээс үзнэ үү.

Тэрээр “Тус өргөтгөлийн шинэ барилга дотор тэргэнцэртэй байтугай сул хараатай хүн явахад бэрхшээлтэй өөр бусад өндөр босгууд, хальтрамтай плитагаар хийсэн шал, ариун цэврийн өрөөний тосгуур, хаалганы бариул гэх мэт олон улсад аль хэдийн ашиглахаа больсон материалуудаар засч янзалсныг өөрөөр шийдэж болох байсан гагцхүү салбар яам ажлаа хийж чадаагүй” гэсэн юм.

Уг нь монгол улсад нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн MNS 6055:2009, MNS 568252006 гэх стандартуудыг баталсан байдаг. 2013 онд нийслэлийн засаг дарга дээрх стандартуудыг хангуулахаар захирамж хүртэл гаргасан байдаг юм. Ийнхүү монгол улс 110 мянган иргэнийхээ эрх ашиг, амьдрах, хөгжих орчинг хэрхэн бүрдүүлж байгааг энэ мэт жишээнээс харж болохоор байна.

Б.Хулан