“Саусгоби Сэндс” ХХК Монгол улсад төлөх 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөө төлж барагдуулжээ

“Саусгоби сэндс” компани монгол улсад төлөх 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөө бүрэн барагдуулж дуусжээ. 2016 онд засгийн газар шүүхийн шийдвэрийг үндэслэн тус компанийг хоёр арга замаар төлбөрөө барагдуулахыг даалгасан. Тэгвэл компани 2017 ондоо багтан энэ өрөө бүрэн барагдуулж дууссан байна.

Засгийн газрын компанийн тогтоолд улсад төлөх 35,3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20,3 тэрбум төгрөгийг Таван толгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүрэг өгсөн. Ингэхдээ “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жатсин Капла нь санхүүгийн ерөнхий менежер, нягтлан бодох бүртгэлийн менежер нартайгаа хамтран компанийн 2011 оны санхүүгийн тайланг худлаа гаргаж 17 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад дээрх албан тушаалтнууд монгол улсын татварын хуулийг зөрчиж улсад 35 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан нь тодорхой болж тэдэнд шүүхээс ял оноож байсан. Гэвч монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж 2015 онд Жастин Каплад өршөөл үзүүлснээр нийгэмд багагүй бухимдал үүсгээд байсан юм. Харин шүүхээс 35,3 тэрбум төгрөгийг төлж барагдуулах шийдвэрийг засгийн газар 2016.05.16 ны өдрийн хуралдаанаар тогтоол гаргаж компанийг төлж барагдуулахыг үүрэгдсэн юм. Ийнхүү Монгол улсын татварын хуулийг зөрчиж татвараас зайлсхийсэн компани улсад учруулсан хохирлоо төлж барагдуулаад байгаа нь энэ юм.

Ч.Дэлгэрцэцэг