Олонд танигдсан мэргэжлийг сонгох нь төдийлөн зөв биш

-Эрэлттэй байгаа мэргэжлүүдийг судлах хэрэгтэй-

Энэ жил ЭЕШ-ийг 45,000 шалгуулагч өгөх урьдчилсан тоо гарсан. ЭЕШ өгөх төгсөгчдөд мэргэжил сонголттой холбоотой багагүй хүндрэл тулгардаг. Тэгвэл мэргэжлээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг мэргэжилтэн зөвлөж байна.

Хүн тодорхой мэргэжил эзэмшээд багадаа 40 жил тухайн мэргэжлээрээ ажилладаг байна. Тиймээс мэргэжил сонгох нь амьдралын томоохон сонголтуудын нэг юм.

-Таван төрлийн мэргэжлийн чиглэл байдаг-

Судлаачид хүн, техник, байгаль, тэмдэгт, уран сайхны дүртэй харилцдаг таван төрлийн мэргэжлийн чиглэл байдаг гэж үздэг. Тэгвэл мэргэжилтнүүд эдгээртэй харилцах чадвар ямар байгааг харгалзаж мэргэжлээ сонгохыг зөвлөж байгаа юм. Жишээлбэл: Хүн хүнтэйгээ харилцдаг мэргэжил сонгосон бол харилцааны чадвартай байх, уран сайхны дүртэй харилцдаг мэргэжил эзэмшье гэвэл урлагийн авьяастай байх хэрэгтэй юм. Тиймээс ч өөрийн авьяас чадвараа илрүүлж, зөв тодорхойлсон байхад мэргэжлийн зөв чиг баримжаатай сонголт хийж чадах юм.

Манай улсад эрэлттэй гэхээс илүүтэй олон нийтийн дунд нэр хүндтэй, олонд танигдсан мэргэжлийг сонгох хандлага байдаг. Тэгвэл энэ нь мэргэжил сонголтын хувьд төдийлөн зөв хандлага биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

-Анги даасан багшийн зөвлөгөө чухал-

Мөн эцэг эхчүүдээс илүү анги даасан багш нар тухайн хүүхдийн авьяас чадварыг илүү анзаарч мэддэг тул мэргэжил сонголтонд багш нарын заавар зөвлөгөө чухал байдаг байна. Дээр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ямар байгааг судалж мэдэх нь мэргэжил сонголтонд чухал байна.

-Хөдөө орон нутагт цэцэрлэг болон бага ангийн багш эрэлттэй байна-

МУ-ын засгийн газраас жил болгон нэн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг баталж зарладаг. Дээрх жагсаалтаас харахад сүүлийн хэдэн жил уул уурхайн нарийн мэргэжил, дэд бүтцийн инженерчлэл, СӨБ-ын багш, бага ангийн багш, болон байгалийн ухааны багш, компьютерийн техник, программ хангамж, ХАА-н мэргэжил буюу зоотехникч, агрономич зэрэг мэргэжлүүд эрэлттэй хэвээр байгаа юм. Эдгээрээс ХАА-н чиглэлийн мэргэжил бэлтгэдэг төрийн өмчийн болон хувийн өмчийн цөөхөн сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээ гүйцдэггүй байна. Мөн хөдөө орон нутагт цэцэрлэг болон ЕБС-ийн багш, тэр дундаа байгалийн ухааны багш гэхчлэн мэргэжлүүд манай улсад эрэлттэй хэвээр байна.

Б.Хулан