Жирийн нэгэн айл гэрийн ноён нуруу, жинхэнэ сайн аав Э.Магсаржав

Өвөрмөц хоолойгоор дуулж хоёр шүүгчийн сонирхлыг татаж чадсан оролцогч Э.Магсаржав бас л сонирхолтой оролцогчдын нэг байлаа. Түүний дуулах арга барил, хоолойн өвөрмөц өнгө маш сонин байсан бөгөөд эмэгтэй дуучны дээд өнгөөр дуулдаг дууг тэр маш чадмаг дуулсан нь шүүгчдийн эргэлзээг төрүүллээ. Ямартай ч Д.Отгонбаяр, С.Ононбат шүүгч нар түүнийг тэнцүүлж шоуг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон билээ.
Э.Магсаржав маань чадварлаг дуулахын зэрэгцээ гэр бүлээ хэнээс ч дутаахгүй авч явдаг жирийн нэг аав, айл гэрийн ноён нуруу болдог. Тэр 8-р ангид байхдаа санаандгүй байдлаар дуу бичлэгийн студид очсоноосоо хойш дуу хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлаж, дуутай амьдралаа холбосон байна. Одоо тэрээр “Содон аялгуу” нэртэй дуу бичлэгийн студийг найзуудтайгаа хамтран ажиллуулдаг. Түүнд олон хүсэл мөрөөдөл байсан боловч биелүүлэх боломж тэр бүр олдоогүй. Харин энэ шоу түүнд өөрийгөө дахин нээж өөртөө улам итгэлтэйгээр мөрөөдөл зорилгынхоо төлөө зүтгэх урам болох ёстой. Тэр зөвхөн дуулахаас гадна дууны үг, ая зохиодог бөгөөд өөрийнх нь зохиосон хэдэн арван дуунууд түүний архивт хадгалаастай байдаг гэнэ. Олны өмнө төдий л гардаггүй, авьяас чадвараа харуулдаггүй байсан залуу эхний шатыг амжилттай давж С.Ононбат шүүгчийн хүчирхэг багт орлоо.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.